Wednesday, May 1, 2013

Ялаас чөлөөлөх эсэхийг шийдэх дүгнэлт гаргана гэв

Ялаас чөлөөлөх эсэхийг шийдэх дүгнэлт гаргана гэв

Авлига, хээл хахуулийн хэргээр гурван шатны шүүхээс 2.6 жилийн ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялаас чөлөөлөх эсэх тухай асуудалтай холбогдуулан өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын ерөнхий прокурорын газар гээд холбогдох байгууллагуудад хүргүүлсэн билээ. Гэхдээ Н.Энхбаярын хүсэлтийг үндэслэн прокурорын байгууллагаас түүнийг ялаас чөлөөлөх эсэх асуудлыг ярихгүй нь мэдээж. Тиймээс Эрүүл мэндийн яамны заавраар Н.Энхбаярыг эрүүл мэндийн шалтгаанаар ялаас чөлөөлөхөд шаардлагатай бүх шинжилгээг авч, нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт гаргуулж байгаа аж. "Н.Энхбаяр даргыг яг одоо ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр ангийн Нэгдсэн эмнэлэг болон Улсын нэгдүгээр эмнэлгийн бөөр, мэдрэлийн тасгийн эмч нар үзэж, оношилж байна. Ял эдлэх боломжтой эсэхийг шийдэх эмч нарын дүгнэлт өнөөдөр гарна. Хэрэв ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэх эмч нарын дүгнэлт гарвал уг дүгнэлтийг УЕПГ-т хүргүүлж, шүүх хурал хийж шийдвэрлэх ёстой" гэж Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэллээ.

Хэрэв ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр ангийн Нэгдсэн эмнэлэг болон Улсын нэгдүгээр эмнэлгийн эмч нар Н.Энхбаярыг эрүүл мэндийн шалтгаанаар ял эдлэх боломжгүй гэж үзвэл прокурорын байгууллагаас эмч нарыг зөв оношилсон эсэхийг шалгаж үзэх нь лавтай.

Сануулахад, өнгөрсөн сард ЦЕГ-ын Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт болон Говьсүмбэрийн Засаг дарга асан Ж.Баянмөнх нарыг ял эдлэх боломжгүй гэсэн дүгнэлтийг ШШГЕГ-ын харвяа хорих ангийн эмч нар гаргасан байдаг. Уг хүсэлтийн дагуу  Прокурорын байгууллагаас тусгай шинжээчид томилон дахин дүгнэлт гаргуулахад эмч нар хүмүүжигсдийн өвчнийг буруу оношилсон нь нотлогдсон.  Буруу онош гаргасан гэх эмч нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа билээ.

Үүнтэй мөн адил Н.Энхбаярыг оношилсон эмч нарын дүгнэлтийг прокурорын байгууллагын шинжээч, эмч нар сайтар нягтлах нь тодорхой юм.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment