"Эх орондоо ажиллаж амьдарцгаая" өдөрлөг боллоо
2011 оноос хойш зөвхөн БНСУ-д гэрээгээр 3000 гаруй иргэн хөдөлмөр эрхэлж буй юм байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь эх орондоо ирээд Өмнөд Солонгост ажиллаж байсан шигээ цалин хөлстэй ажил хийх эсвэл хувийн бизнесээ эхлүүлэх сонирхолтой байдаг. Гэсэн ч нийгмийн олон хүчин зүйлээс шалтгаалан төдийлөн амжилтанд хүрэхгүй байх нь элбэг.
Тиймээс Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс санаачлан, БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын суурин төлөөлөгчийн газар, Монгол дахь БНСУ-ын ажил хэрэгч иргэдийн нийгэмлэгтэй хамтран "Эх орондоо ажиллаж амьдарцгаая" өдөрлөгийг өчигдрөөс эхлэн зохион байгуулж эхэллээ. Өдөрлөг өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өдөрлөгийг Монгол Улсын Засгийн газрын "Ажилтай орлоготой монгол хүн" хөтөлбөрийн зорилтын хүрээнд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаад эх орондоо буцаж ирсэн иргэдийг дотоодын болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, байгууллагуудад ажилд зуучлах, мэргэшүүлэх сургалтад хамруулах, мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бусад хөтөлбөрүүдийг танилцуулах үйл ажиллагааг нэг доороос шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилготой юм байна.
Түүнчлэн өдөрлөгт БНСУ-ын хөрөнгө оруулалттай 10, дотоодын 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, нийт 300 гаруй сул чөлөөтэй ажлын байранд иргэдийг ажилд зуучлахаар оролцож байна.
Г.ДАРЬ
0 comments:
Post a Comment