Monday, May 6, 2013

“Сант марал” сонгуулийн хууль зөрчжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас "Сант марал" санд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж, 1.123.200 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

"Сант Марал" сангаас өнгөрөгч дөрөвдүгээр сарын 5-21-ний хооронд нийслэл болон Увс, Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Хэнтий зэрэг аймагт Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар явуулсан судалгаандаа "Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намуудаас аль нь таны санал бодолд нийцэж байна, Монголын төрийн тэргүүний албан тушаалыг хэн хамгийн сайн гүйцэтгэж чадах вэ" гэсэн санал асуулга явуулсан байна. Энэ санал асуулга нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5.4-д заасан "Аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн байна. Тиймээс "Сант марал" санд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн  тухай хуулийн 33.19-ийн заалтын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /1.123.200/ төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Ш.ЧИМЭГ

0 comments:

Post a Comment