Thursday, May 2, 2013

“Гэр бүлийн үнэ цэнэ”-ийг тодорхойлно

Монгол гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх нь өнөөдрийн тулгамдсан асуудлын нэг. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас "Олон улсын гэр бүлийн өдөр"-ийг угтсан арга хэмжээг олон нийтийн оролцоонд тулгуурлан зохион байгуулах үүргийг дүүрэг, орон нутгийн удирдлагад өгсөн байна. Уг ажлын хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хороо, НХҮХ "Эмэгтэйчүүд хөгжлийн тэмүүлэл" сантай хамтран ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн дунд "Гэр бүлийн үнэ цэнэ" хэлэлцүүлгийг энэ сарын 5-нд буюу ирэх ням гаригт зохион байгуулахаар болжээ.

Тус хэлэлцүүлгийг зохион байгуулсанаар гэр бүлийн цөм нь хүүхэд, тиймээс хүүхдээр дамжуулан гэр бүлийн өнөөгийн нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж болно. Түүнчлэн Олон улсын гэр бүлийн өдрөөр зохион байгуулж байгаа ажил нь үндэсний хэмжээний чуулганд оруулах санамж, уриалга гаргах нөхцөл боломжийг бий болгож байгаагаараа давуу талтай хэмээн уг ажлыг зохион байгуулагчид дүгнэжээ.

"Сүнжин гранд"-д болох "Гэр бүлийн үнэ цэнэ" хэлэлцүүлэгт Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн сурагчид, хүүхдүүд, эцэг эхийн төлөөлөл оролцох юм байна.

Г.ДАРЬ

0 comments:

Post a Comment