Иргэдээсээ холдсон иргэний нийгмийн байгууллагууд
Бага хурлын сүүлийн өдөр Төрийн ордонд болсон уулзалт дээр хатагтай Ан Сан Су Чи манай иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс "Монголын иргэний нийгмийн байгуулллагууд маш олуулаа байгаа нь сайн хэрэг. Харин энэ олон иргэний нийгмийн байгууллагууд бүгдээрээ нэгдмэл байр суурьтай, нэг санаатай байж чаддаг уу?" хэмээн асуусан юм. Харамсалтай нь, энэ асуултад өгөх хангалттай хариулт манай талаас гарсангүй. ТББ-ууд, иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж очсон манай "хатагтай" нар "Иргэний нийгмийн байгууллагууд байгаа учраас Монгол Улсад ардчилал нэг их замаасаа гажчихаагүй юм" гэсэн шиг агаарын юм ярьснаас биш "Бид хүчээ ингэж нэгтгэж, тэгж нягтарч ажилладаг. Төрийн бодлого тодорхойлогчид бид ингэж нөлөөлж, тэгж засч залруулж ирсэн" гэсэн үг сонссогдсонгүй. Хэлье гээд ч хэлэх жишээ байхгүй, байсан ч түүнийгээ мартсан, холдсон бололтой.
Уг нь иргэний нийгмийн байгууллагууд гэдэг иргэдийнхээ дуу хоолойг илэрхийлдэг, түүн дээр нэгдэж нягтардаг, тэр хэмжээгээрээ хүчирхэгжиж бодлого тодорхойлогчид, төр засагт шахалт үзүүлдэг, төр иргэн хоёрыг холбодог гол гүүр гэж ойлгогддог. Онолын хувьд шүү дээ. Гэвч харамсалтай нь сүүлийн үед иргэдээсээ холдсон иргэний нийгмийн байгууллагууд л манайд олширч, хаана улай гарна тэнд эргэдэг "элээ хэрээ"-тэй улам бүр ижил төстэй болоод байгаа. Олонхи нь хаана мөнгөний үнэр гарна, тийшээ нүүдэллэж амьдардаг гээд хэлчихэд хилсдэхгүй.
Одоогоос дөрвөн жилийн өмнө гаргасан тоогоор манайд 600 гаруй гаруй төрийн бус байгууллага байнга үйл ажиллагаа явуулдаг байв. Өнгөрсөн хугацаанд энэ тоо хэдээр нэмэгдсэн гэдгийг мэдэхгүй ч лав хасагдсан байх учиргүй. Яагаад гэвэл ТББ байгуулна гэдэг манайхны хувьд бас нэг төрлийн "бизнес" болтлоо хөгжөөд байгаа.
Дээр хэлсэн 600 гаруй ТББ-уудаас 300 гаруй нь зөвхөн байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байв. Яагаад гэвэл тухайн үед Монголд уул уурхай ид хүчээ авч, тэндээс орж ирдэг орлого Монголын эдийн засгийг урьд өмнө байгаагүйгээр өсөлттэй харагдуулж байсан үе. Тиймээс хамгийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж байсан ТББ-ууд нь нэг нэг уурхайн аман дээр очиж суугаад компаниудаас мөнгө "шантаажлах" л ажил хийдэг байлаа. Харин уул уурхайн компаниудын орлого хаагдаад, үүд хаалгаа бариад, гараад явсаны дараа тэдний хувьд Монголын байгаль орчин огтоос хамаагүй мэтээр чив чимээгүй болсон доо. Түүнээс биш тэдний ярьж, бидний ч гэсэн сэтгэлийг эмзэглүүлж байсан байгаль орчны асуудал, экологийн доройтол эдгэрээд сүйд болсон юм байхгүй.
Үлдсэн 300 гаруй ТББ-уудаас дийлэнх нь хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэр нь Монголд хүний эрхийн асуудал хамгийн ноцтой асуудал болоод байгаа гэдгээсээ илүү дэлхий нийт энэ чиглэлд хамгийн их анхаарал тавьж, хөрөнгө хаядаг гэдэг утгаараа. Түүнээс биш өнгөрсөн 20 жилийн дотор манай хүний эрхийн байгууллагууд иргэдийн эрх, эрх чөлөөний төлөө овойж оцойтлоо тэмцээд амжилт олсон зүйл байхгүй л дээ. Тийм учраас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-уудын ихэнх нь гадаадын төсөл хөтөлбөрүүд, том сангуудаас санхүүждэг.
Нэг ёсондоо Монголд үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн, ТББ-ууд энэ хоёр эх үүсвэрээс санхүүжиж, өөрөө өөртөө зориулсан үйл ажиллагаа явуулдаг гэж болно. Тэдний хувьд хамгийн сайн хийдэг ажил нь төсөл бичиж мөнгө цохих, гадаад дотоодын хурал зөвлөгөөнүүдэд оролцож хэнд ч хэрэггүй уртаас урт илтгэл мэдээлэл хийж, тайлан тавих. Харин иргэдэд нээлттэй байх тал дээр бол "тэг" заана.
Хэрэвзээ иргэний нийгмийн байгууллагууд иргэдийнхээ төлөө үйл ажиллагаа явуулдаг, тэдний санаа бодол дээр тулгуурлаж ажилладаг байсан бол санхүүжилтийн эх үүсвэр ч гэсэн шал ондоо байх ёстой биз дээ. Хэдэн жилийн өмнө ярьж байсанчлан "Нэг хувийн татварыг бий болгож, иргэний нийгмийн байгууллагуудаа төсвөөс санхүүжүүлэх"-гүй юмаа гэхэд тэдний үйл ажиллагааг дэмжээд хандив өргөдөг нэг ч гэсэн хувь хүн, байгууллага байх ёстой. Гэтэл өнөөдөр захын иргэнээс очоод "Та ямар ТББ-ын үйл ажиллагааг дэмждэг вэ, та тэдэнд хэдэн төгрөг хандивлах вэ?" гээд асуугаад үзээрэй. Нэг ч хүн нэр хэлэхгүй, мөнгө амлахгүй л болов уу. Энэ бол иргэний нийгмийн байгууллагуудад иргэдийн зүгээс өгч байгаа хамгийн бодитой үнэлгээ. Нэг ёсондоо манайд иргэний нийгмийн байгууллагуудын ч гэсэн хэлбэр нь л байгаа болохоос биш мөн чанар нь байхгүй.
Б.ЗАЯА
0 comments:
Post a Comment