Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 20 дахь жилдээ тэмдэглэнэ
Ийнхүү хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулж "Глоб Интернэшнл төв" ТББ-аас Сэтгүүлч, ХМХ-ийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах нь, Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээхтэй тэмцэх нь, Цахим орчны аюулгүй байдал гэсэн гурван сэдвээр онлайн хэлэлцүүлэг явуулж эхэллээ.
Сүүлийн 10 жилд 600 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан амь насаа алджээ. Өөрөөр хэлбэл, олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэхийн тулд долоо хоног тутам амиа алдаж байгаа аж. Улс орнуудад төр, байгууллага дангаараа, эсвэл хамтран хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээх эрсдлийг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, Сэтгүүлчдийг хамгаалах хороо (CPJ) дэлхий даяар гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээж буй талаарх жилийн индекс тогтоодог байна. Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо (IFJ), Америк дундын Хэвлэлийн Нийгэмлэг (IAPA) хамтран тогтмол хөтөлбөр хэрэгжүүлж, тайлан илтгэл гаргадаг ажээ. Чөлөөт илэрхийллийн олон улсын сүлжээ (IFEX) жил бүрийн 11-р сарын 23-ныг "Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээхийг эцэслэх олон улсын өдөр"-ийг дэлхий нийтээрээ хөхиүлэн дэмжих үйл явцыг тэргүүлдэг байна.
Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова нар гишүүн орнууддаа илгээлт илгээжээ. Илтгээлтэд "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 20 жилийн ой тохиож буй энэ өдөр бидэнд цаг хугацааны сорил бэрхшээл дунд өөрсдийн хүсэл тэмүүллийг шинээр харах боломж олгож байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд өдөр бүр шинэ түгшүүр тулгарч байна. Энэ өдөр бид Засгийн газрууд, нийгэм, хувь хүмүүсийг цахим болон цахим бус орчинд ажиллаж буй бүх сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд бололцоотой бүхнээ хийхийг уриалж байна. Хүн бүр дуу хоолойтой. Бүгдээрээ чөлөөтэй, аюулгүй байдалд ярих, хэлэх боломжтой байх ёстой" хэмээн дурджээ.
Энд дарж хэлэлцүүлэгт санал бодлоо илэрхийлэх боломжтой.
У.БОЛОР
0 comments:
Post a Comment