Sunday, May 5, 2013

Зургаан настнуудын бүртгэл энэ сарын 15-нд дуусна

Зургаан настнуудын бүртгэл энэ сарын 15-нд дуусна

Ерөнхий боловсролын сургуульд элсэн орох зургаан настнуудын бүртгэл эхлээд байгаа.

Тиймээс энэ талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодрууллаа.

-Сургуульд шинээр элсэн орох сурагчдын бүртгэл дуусахад хэд хоног үлдээд байна вэ?

-Энэ хичээлийн жилээс эхлэн сургуулийн бүртгэлийн асуудлыг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар болсон. Өмнө нь сургууль бүр өөр өөрийн боломжоор бүртгэлийг зохион байгуулдаг байсан. Энэ нь эцэг, эхчүүдэд нэлээд ойлгомжгүй байдал үүсгэдэг. Тиймээс энэ жил нэгдсэн байдлаар тавдугаар сарын 1-15-нийг хүртэлх хугацаанд төрийн болоод төрийн бус сургуулиудын бүртгэлийг нэгэн зэрэг хийхээр болсон.

-Сургуулийн бүртгэлийг яагаад эрт зохион байгуулахаар болсон юм бэ?

-Ер нь сургуулиудын анги дүүргэлтийн асуудал үнэхээр хүндрэлтэй байгаа. Тухайлбал, хотын төвийн найман сургуулиудад нэг ангид 50 хүртэлх хүүхэд сурч байна. Тиймээс анги дүүргэлтийг тодорхой хэмжээгээр барих, буулгах хэрэгтэй байгаа. Өөрөөр хэлбэл, энэ жил зөвхөн хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг л тухайн сургуулиуд нь бүртгэдэг болно. Ер нь сургуулиуд хүүхдийнхээ тооноос хамаарч санхүүжилт авдаг. Санхүүжилтийг авахдаа наймдугаар сарын 15-ны дотор саналаа Улсын төсөвт хүргүүлсэн байх ёстой байдаг. Тиймээс наана нь хүүхдүүдийнхээ тоог гаргаж авах хэрэгтэй. Өмнө нь тоог оройтож гаргаж, буруу тооцоолсны улмаас тухайн сургуулийн төсөв хүрэлцэхгүй байх асуудал гардаг байсан. Түүнчлэн сурах бичгийг бага ангийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй өгдөг. Гэтэл сургуулиуд хүүхдүүдийнхээ тоог хавар авчихдаг учир, намар хүүхдүүдэд сурах бичиг нь хүрэлцэхгүй байх тохиолдол их гардаг. Энэ мэт олон асуудал үүсдэг учир бүртгэлийг эрт зохион байгуулж байгаа гэж ойлгож болно.

-Энэ хичээлийн жил сурагчдын дүрэмт хувцсыг солих болсон гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Улсын хэмжээнд энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиудыг нэгдсэн нэг дүрэмт хувцастай болгохоор төлөвлөсөн. Тиймээс хичээлийн шинэ жилээс дүрэмт хувцас нь үйлдвэрлэгдээд бэлэн болчихсон сурагчдаа хүлээж байх болно. Гэхдээ сургуулиудад эцэг, эхчүүд нь захиалж бид нэгдсэн тоог авч, сургуулиудаар дамжуулан нийлүүлэлт хийгдэнэ. Тиймээс одоо шинээр сургуульд элсэн орох хүүхдүүдээ бүртгэлээс хоцроохгүй байх шаардлагатай байна. Хэрэв хоцорчихвол дүрэмт хувцаснаас мөн хоцрох болно гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Иргэд зөвхөн өөрийн харьяа дүүргийнхээ сургуульд л хүүхдүүдээ бүртгүүлэх ёстой юм байна. Гэтэл сургууль байхгүй хороо байдаг. Дээрх иргэд хаана хүүхдээ бүртгүүлэх вэ?

-Сургуулиуд хамран сургах тойргийнхоо бүх хүүхдийнхээ тоог айл өрхүүдээр явж бүртгэн авч байгаа. Анги дүүргэлтийг багасгах үүднээс энэ жил хамран сургах тойргийг шинэчлэн тогтоож өгсөн. Нөгөө талаасаа шинээр баригдаж байгаа олон хорооллууд хамран сургах тойрогт ороогүй бүртгэлгүй байгаа учир шинэчлэн тогтоох шаардлагатай байсан. Одоогийн байдлаар сургуулиуд маань хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг авчихвал 10 гаруй сургуулиас бусад бүх сургууль гурван ээлжээр хичээллэхгүй байх бүрэн боломж байгаа. Ер нь ихэнх сургуулиуд эцэг, эхчүүд, төрийн албан хаагчдын цохолтоор орж ирдэг хүүхдүүдийг авсаар байгаад анги дүүргэлт хэтэрдэг. Тиймээс тухайн сургууль гурван ээлжээр хичээллэх болдог. Хэрэв бүх сургуулиуд өөрийн хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг л бүртгээд авчихвал ихэнх сургуулиуд буюу 90 хувь нь хоёр ээлжээр хичээллэх бүрэн боломжтой байгаа.

Ж.ОТГОН
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

0 comments:

Post a Comment