Monday, April 29, 2013

“News week”-ийн шинэ дугаар хэвлэгдлээ

"News week" сонины ес дэх дугаар өнөөдөр уншигчдад хүрээд байна. Энэ удаагийн дугаарын онцлох сэдэвт Тавантолгойн ордоос олборлож байгаа нүүрсийг ашиггүй боловч алдагдалгүйгээр "Чалько" компанид нийлүүлж эхэлсэн талаар, мөн "Рио тинто" компанийн Зэсийн салбарын олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн Ерөнхий албан тушаалд "Шинэ Алтан Дорнод Монгол" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Ш.Болд томилогдсон зэрэг эдийн засгийн салбарт болж өнгөрсөн  үйл явдлыг онцлон тоймлож, уншигч танд хүргэжээ. Мөн дэлхий дахинд, тэр дундаа Еврогийн бүсэд эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, ажилгүйдэл нэмэгдэж, технологийн салбарт тэргүүлэгч "Dell"-ийн ашиг 14 хувиар буурсан тухай мэдээллийг "News week" сонины эдийн засаг булангаас дэлгэрэнгүйгээр уншаарай.

"Харах өнцөг" булан дахь "Буулт байхгүй бол далайхын хэрэг юун" нийтлэлээс цөөнхийн бүлгээс тавьсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудал нь эхнээсээ үндэслэл муутай тавигдсанаас олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй унасан тухай манай тоймч онцлон хөндсөн бол Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар бага хурлын хүндтэй зочдын нэг Нобелийн энх тайвны шагналт, Мьянмарын сөрөг хүчний удирдагч Ан Сан Су Чи-гийн ардчиллын төлөөх тэмцэлийн замнал, мөн Мьянмар улс олон жилийн турш бусдын дарлал колончлолд амьдарсан ч дорнын соёлоо хамгаалан үлдэж өнөө хэр өвлөж үлдэж чадсан нь ард түмэн нь эрдэмтэй, хүчтэй байсантай холбон тайлбарласан нийтлэлийг уншигч та "News week" сонины "Хүмүүс" булангаас унших боломжтой.

Нийгмийн томоохон асуудал болж буй унаач хүүхдийн алтан амь, эрүүл мэндийг эрсдлээс хамгаалах хуулийг УИХ-аас батлах шаардлагатай байгааг сэтгүүлч Б.Ойнбилэг "Унаач хүүхдийн амь ямар үнэтэй вэ" нийтлэлээрээ дамжуулан хөнджээ. Улсын наадамд айрагдсан хурдан морь 800 сая төгрөгийн үнэд хүрсэн байхад хурдан морь унаачийн хүүхдийн амь даатгал 100 мянган төгрөг байгааг УИХ-дахь уяач гишүүд анхаарах цаг болсныг тэрээр онцолсон байна.

Уламжлал ёсоор 15 дугаар нүүрээс Долоо хоногийн өрнийн зурхайг үзэх боломжтой. Сануулахад, "News week" сонин долоо хоног бүрийн даваа гаригт 20 мянган ширхэгээр хэвлэгдэж, уншигчдын гарт үнэгүй хүрч байгаа билээ.

Г.ДАРЬ

0 comments:

Post a Comment