Thursday, April 25, 2013

Э.Бат-Үүлийн захирамжийг биелүүлэхгүй гэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн гаргасан захирамжийн дагуу 26-29-ний өдрүүдэд томоохон зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна. Эдгээр өдрүүдэд аливаа гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, иргэдийн хэт төвлөрлийг сааруулахын тулд дөрөвдүгээр сарын 26-ны өдөр буюу баасан гарагт "Нарантуул" ОУХТ, "Өгөөмөр" техникийн зах, "Цайз" захын уулзвараас "Да хүрээ" зах болон Шархадын зам дагуух бүх автомашин техникийн худалдаа, үйлчилгээний газрууд, 100 айлын орчмын барилгын материалын бүх дэлгүүрүүд, "Мишээл экспо" төв тус тус амрахаар. Харин дөрөвдүгээр сарын 27, 28, 29-ний өдрүүдэд дээрх төвүүд ердийн хуваарийн дагуу ажиллаж дөрөвдүгээр сарын 30-ны өдөр "Мишээл экспо" төвийг амруулах зохицуулалтыг тусгажээ.

Гэвч Мишээлийн түрээслэгчид энэхүү захирамжийг биелүүлэхгүй байхаар шийдсэн бөгөөд "амрах ёстой гэсэн хоёр өдөрт амрахгүй шүү, заавал ирж ажлаарай" гэх даалгаварыг худалдагч нартаа даалгасан гэнэ. Дээрх захирамж ёсоор Мишээл төвд тавилгын худалдаа эрхэлдэг түрээслэгчид хоёр хоног ажиллахгүй байх ёстой хэдий ч 26 болон 30 ний өдөрт ажиллахаар шийдэж. Тодруулбал, түрээслэгчид энэ хоёр өдөр ажиллахгүй тул түрээсийн төлбөрийг хасахыг Мишээл төвийн удирдлагаас хүссэн боловч "Гэрээний дагуу зөвхөн хуульд заасан бүх нийтийн амралтын өдрөөр амарсан бол түрээсийн төлбөр төлөхгүй байх боломжтой. Гэрээний дагуу бид хоёр хоногийн түрээсийн төлбөрөөс чөлөөлж чадахгүй" гэж татгалзсан байна. Ийнхүү татгалзсан учир тус төвийн тавилгын худалдаа эрхлэгч түрээслэгчид худалдагч нараа ажиллуулахаар шийдсэн байна. Харин худалдагч нар нь үүнд нь дурамжхан буйгаа илэрхийлэн "энэ өдрүүдэд амарна гээд зарлачихсан тул хэн ирж худалдан авалт хийх юм бэ, боссууд ажил гэсэн болохоор хотын захиргааны шийдвэр бидэнд ямар хамаа байх билээ болж байна" гэсэн юм.

Хотын захиргааны шийдвэрийг давж гарсан түрээслэгчдийн энэхүү шийдвэрийн дагуу тус төвийн үүдэнд "Мишээл экспо нь амарна. Харин тавилгын төв нь ажиллана" гэх утгатай зарлал ч гарсан байх аж.

Б.ЭНХМАА

0 comments:

Post a Comment