
Монгол цэргийн музей өөрийн сан хөмрөг дахь үзмэр, эд өлгийн зүйлийг сурталчлах, алслагдсан орон нутагт алба хааж байгаа цэргийн алба хаагчдад музейн үйлчилгээг хүргэх, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа сурталчлах зорилгоор "Музей нүүж явна" хөтөлбөрийг хэрэгжүүлээд хоёр жил гаруй хугацаа өнгөрч байгаа аж. Өнгөрсөн хугацаанд уг хөтөлбөрийг Улаанбаатар хүрээний цэргийн ангиуд,Төв, Баянхонгор, Завхан аймгуудад байрлах цэргийн ангиудад хэрэгжүүлж, Зэвсэгт хүчний 92 жилийн ойн өмнө Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Говьсүмбэр аймгийн ард олон, цэргийн алба хаагчдад үйлчилсэн юм байна. Мөн энэ сарын эхээр Афганистан улсад "Тогтвортой эрх чөлөө" ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн албан хаагчдад хүрч, Монгол цэргийн үе үеийн баатарлаг түүх, эх оронч баатруудын алдар гавъяаг сурталчилжээ.
Харин одоо Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилах соёлын цогц арга хэмжээг зүүн, зүүн өмнөд аймгууд, Зэвсэгт хүчний анги болон ХХЕГ-ын цэргийн анги салбаруудын бие бүрэлдэхүүнүүдэд зохион байгуулж байгаа аж. Энэ ажлын хүрээнд Монгол цэргийн музейгээс хурандаа Г.Золзаяа ахлагчтай ажлын хэсэг "Музей нүүж явна" хөтөлбөрийг Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгуудад амжилттай хэрэгжүүлж байгаа юм байна.
Г.ДАРЬ
0 comments:
Post a Comment