Tuesday, April 9, 2013

Тусгайлсан дэд бүтцийн талаар хэлэлцэв

Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвөөс явуулсан судалгаагаар улсын хэмжээнд нийт 107140 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэгджээ. Тэднээс  тав хүртэлх  насны хүүхдийн дунд харааны бэрхшээлтэй 276, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй 371, хөдөлгөөний бэрхшээлтэй 777, унадаг татдаг 296, сэтгэцийн өвчтэй 109, оюун ухааны бэрхшээлтэй 345, хавсарсан бусад хэлбэрийн бэрхшээлтэй 561 хүүхэд байгааг тогтоосон байна. Мөн судалгаанаас харахад сүүлийн үед хөдөлгөөний бэрхшээлтэй  төрөх явдал харьцангуй бага болсон ч осол гэмтлийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй болох нь ихэсчээ.

Хүн амын хөгжил нийгмийн, хамгааллын яамнаас "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл" үндэсний чуулганыг угтан "Оролцоог бодит болгоё" сарын аян зарласан. Аяны хүрээнд өнөөдөр НЗДТГ, түүний эрхлэх асуудлын  хүрээний газар, агентлагууд,  Стандартчилал хэмжил зүйн газар, ХЭҮК-ийн төлөөллийг оролцуулан дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлгийг Хангарьд ордны хурлын танхимд зохион байгуулсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд орчны саад бэрхшээлээс шалтгаалан бусдаас байнга дэмжлэг авч, тэднээс хараат, нийгмийн идэвхигүй нэгэн болж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орчны дэд бүтцийн асуудал шийдвэрлэгдэхгүй байгаатай холбоотой ажээ. Хуучин барилгуудаа засварлах боломжгүй вм гэхэд шинээр баригдаж буй худалдаа үйлчилгээний төв, төрийн байгууллагуудад тэргэнцэртэй болон таягтай хүмүүст зориулсан дэд бүтцийг хийж заншвал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ихээхэн дөхөм болно гэж уулзалтад оролцогчид хэлжээ.  Тиймээс цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгмийн харилцаанд оролцох эрхийг хэрэгжүүлэх чиглэлд  төрийн байгууллагууд хамтран ажиллахаар болсон байна. Мөн төр, хувийн хэвшлийн байгууллагуудыг тусгайлсан дэд бүтцийг бий болгох чиглэлээр хамтран ажиллах уриалга гаргажээ.  

Д.ЦЭЭНЭ

0 comments:

Post a Comment