"Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн"-ийг энэ өдрүүдэд Эрүүл мэндийн яамнаас зохиож байгаа билээ. Өчигдрийн зөвлөгөөнөөр Эрүүл мэндийн байгууллагуудын тогтолцооны шинэчлэл, өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төв, аймгийн оношилгооны төв, хоёр, гурав дахь шатлалын эмнэлэг, эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэл, эрүүл мэндийн чанар аюулгүй байдлын шинэчлэл, эмийн чанар, аюулгүй байдлын шинэчлэл, эх хүүхдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал гэсэн сэдвийн дагуу ярилцсан юм.
"Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал" үнэлгээ сэдвээр судалгааны багийн ахлагч н.Отгонбаяр өчигдрийн арга хэмжээг нээж ийн хэлэв "Эрүүл мэндийн яамны захиалгаар хийж байгаа Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний чанарыг судлах судалгааг ЭМШУИС-ийн эрдэмтэн, профессор багш нар амжилттай гүйцэтгэж дуусаад байна. Энэхүү судалгаа нь тодорхой удирдамжтай, шинжлэх ухааны үндэслэлтэй арга аргачлалын дагуу, туршлагатай судлаачдын гараар хийсэн өргөн хэмжээний судалгаа болсныг хэлэх хэрэгтэй. Судалгааг богино хугацаанд хийсэн боловч маш их үнэ цэнэтэй, бодитой үр дүнгүүдийг гаргаж ирснээрээ үнэ цэнтэй баримт нотолгоо боллоо. Судалгааны бэлтгэл ажлыг хангах, судалгааны ажлын үр дүнг тооцох, боловсруулах, нэгдсэн дүгнэлтийг бичиж зөвлөмжүүдийг гаргах зэрэг бүх шатанд миний бие судлаачдын багийг удирдаж, зөвлөж ажиллав. Судалгааны урьдчилсан үр дүнгээс харахад, эмч, сувилагч нар маань чадах чинээгээрээ ажиллаж байна, Эрүүл мэндийн салбарын бүтэц зохион байгуулалт, ялангуяа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэгүүдийн шатлал ерөнхий бүтцийг эргэж харах цаг нь болсон байна. Ачаалал хэт ихэссэнээс үйлчилгээ нь хөдөлмөрчдөд чирэгдэлтэй явагдаж байна. Тусламж үйлчилгээний шатлалуудын стандарт, үүрэг зорилгыг тодорхой болгож шинэчлэх хэрэгтэй байна. Эмч ажилчид эмнэлэгийн тусламж үйлчилгээ явуулж байгаа үйл ажиллагааны үнэлгээ, өртөгийн тооцоог дахин хийх, стандартуудыг тодорхой болгох асуудал маш чухал хойшлуулшгүй зорилго болж байна. Эмнэлгийн үйлчилгээг цахим болгох, үзүүлж байгаа үйлчилгээ бүр өртөг шингэсэн бүтээгдэхүүн гэдэг үүднээс норм нормотивийг тодорхой болгохыг нийтээр хүсч байна. Ажлын байр болоод, ажиллах нөхцлийг нь стандартын дагуу бүрдүүлж өгөөгүйгээс хөдөлмөрчид ихээхэн бухимдалтай байна. Мөн эмнэлэгийн бие даан хөгжих бололцоог хангах, бүтэц зохион байгуулалт болоод мөнгө санхүү, удирдлагын менежментийг шинэчлэхийг санал болгосон байна. Эрүүл мэндийн салбарыг тусламж үйлчилгээг чанартай болгоход удирдлагыг дээрээс биш хамт олон нь дэвшүүлдэг бас эргүүлэн татдаг тогтолцоог илүүд үзэж байна. Эмч мэргэжилтнүүдийг өндөр хөгжилтэй улс оронд бодлогоор бэлтгэх шаардлагатай байна. Энэхүү ажлыг үр дүнд хүргэхийн тулд судалгааны дүгнэлт, зөвлөмжүүдэд нухацтай дүн шинжилгээг хийж, цаашид гарах гарц, хэрэгжүүлэх арга замуудыг өргөн хүрээнд сайтар төлөвлөж зохион байгуулбал ойрын үед Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа сайжирна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна" хэмээн хэлсэн юм. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хүн амд эрэлттэй байгаа зарим тусламж, үйлчилгээний төрлөөр судлан үнэлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын талаарх санал зөвлөмж боловсруулахад гол зорилго нь оршиж байгаа юм.
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛ
Эрүүл мэндийн тухай хуульд нийгмийн эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлж, "Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа хамаарна" гэж заасан байдаг аж. Өнгөрсөн хугацаанд нийгмийн эрүүл мэндийн эрх зүйн орчныг бүрдүүлж, санхүүжилтыг нэмэгдүүлэн, хэрэгжүүлэх бүтцийг сайжруулсан бөгөөд Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд үндэсний хөтөлбөр, стратегиудыг шат дараатай хэрэгжүүлэн хүн амын эрүүл мэндийн төлөв байдлыг сайжруулахад дорвитой хувь нэмэр оруулсан үр дүнгүүд гарсан. Гэвч улс орон хөгжиж, хотжилт нэмэгдэн, хүн ам өсөхийн хирээр өвчлөлийн бүтэц өөрчлөгдөн, эрсдэлт зан үйлтэй хүмүүсийн хувь нэмэгдэн, хотжилт, орчны хүчин зүйлийн сөрөг нөлөө илэрч, шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчнүүд дэгдэлт аюулын харанга дэлдэх боллоо. Хүн амын дундах тэгш бус байдал, ядуурал, газар зүйн алслагдсан байдал нь тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэхэд бэрхшээл учруулахын зэрэгцээ нийтийн эрүүл мэндийг сайжруулахад бусад салбарын оролцоо дутмаг хэвээр, нэн ялангуяа иргэдийн өөрсдийн үүрэг хариуцлага, оролцоо сул байсаар байгаа тул Эрүүл мэндийн яамнаас 2016 он хүртэл нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тө-лөвлөлөө. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний уламжилж ирсэн ололт амжилт болон олон улсын жишиг, туршлагад суурилан, иргэд, олон нийтийн оролцоо, нийгмийн олон салбарын хамтын ажиллагаанд түшиглэсэн эдийн засгийн үр ашигтай нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлнэ.
Э.БАЯСГАЛАН
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
0 comments:
Post a Comment