Tuesday, April 23, 2013

Хууль бус ан агнуурыг хязгаарлана

Амьтны амьдрах орчинд учруулж байгаа хүмүүсийн дарамт болон хэтийдсэн хэрэглээнээс болж хөхтөн амьтдын зүйлийн 16 хувь нь бүс нутгийн хэмжээнд устах аюултай болсон бол хоёр хувь нь устаж байгаа, 11 хувь  нь устаж болзошгүй, гурван хувь нь эмзэг буюу байгальд устах эрсдэл өндөр болсон гэдгийг мэргэжилтнүүд анхааруулах болжээ. Ан амьтныг хууль бусаар агнах, ангийн гаралтай түүхий эдийг хууль бусаар худалдах явдал буурахгүй байгаа нь ан амьтны нөөцийг улам бүр хомсдуулж байна.  Тухайлбал, сүүлийн гурван жилд  (2009-2012 онд) нэн ховор амьтдаас 76 монгол бөхөн, дөрвөн борцгор хотон,  ховор амьтдаас  халиун  буга есөн толгой, согоо дөрөв, хүрэн баавгай зургаа, хар сүүлт хоёрыг хууль бусаар агнасан 25 иргэнтэй холбогдсон асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Түүнчлэн хууль бусаар агнаж бэлтгэсэн 50800 ширхэг тарваганы, 702 ширхэг үнэгний, 1000 ширхэг хярсны,  шилүүс, мануулын арьс тус бүр нэг, 190 толгой буга, согооны, 16 толгой бөхөнгийн, 36 толгой  хүрэн баавгайн эд эрхтэн, 240 толгой хөлдөөсөн чоно, хоёр ширхэг хойлог шувууны мах, 25 ширхэг загас агнуурын сэрээ хураан авч улсын орлого болгожээ. Энэ бүх хууль бус ан агнуурын улмаас  улсад 510.9 сая төгрөгийн хохирол учруулсан гэж албаныхан  мэдээлж байна.  Монгол Улсын хилээр 19800 толгой тарваганы арьс, 52 баавгайн савар, 2000 гаруй заарт хархны арьс, найман  цоохор ирвэсний арьс, 40 гаруй хөлдүү чоно, бугын чив, сүүл болон цусан эвэр 38 ширхэг, хүдрийн заар дөрвийг хууль бусаар гаргахыг завдсаныг хууль хяналтын байгууллага илрүүлжээ. Тиймээс хууль бус агнуур, ангийн гаралтай түхий эдийн хууль бус худалдааг илрүүлэх, түүнийг шийдвэрлэхэд холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах арга замыг тодорхойлох зорилго бүхий зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Хустайн байгалийн цогцолбор газартай хамтран зохион байгуулж байна. Зөвлөлдөх уулзалт Хустайн нуруунд болж байгаа ажээ. Уулзалтад Хууль зүйн яам, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын  Байгаль орчны салбарт үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд оролцож буй юм.

Д.ЦЭЭНЭ

0 comments:

Post a Comment