Wednesday, April 10, 2013

БНАСАУ-ын ЭСЯ-наас тайлбар хийхгүй гэв

Солонгосын хойгийн байдал тайван бус байгаад түгшсэн монгол хүн олон байна. Учир нь хэн нэг нь Өмнөд Солонгост ажиллаж, амьдардаггүй монгол гэр бүл цөөн. Ажил хийж, ахуй амжиргаагаа дээшлүүлж, гадаадад сурч боловсрох боломж хайн БНСУ-ыг зорин одсон албан ёсны гэрээтэй 30 гаруй мянган монгол хүн бий. Албан бусаар буюу бидний нэрлэдгээр "хар"-аар тус улсад зорчсон нь ч тэднээс цөөнгүй. Тиймээс Солонгосын хойгт болж буй үйл явдлыг монгол хүн бүр нүд чих тавин анхааралтай ажиглаж байна.

Дайн, байлдааны нөхцөл бодитоор үүсээгүй гэв


Энэ эгзэгтэй мөчид Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Ганболд Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч буй монголчууддаа хандан мэдээлэл гаргажээ. Элчин сайдын мэдээлэлд "ЭСЯ-ны хувьд дотоод, гадаадын мэдээллийн бүхий л хэрэгслээр дамжуулж байгаа мэдээнүүдийг нэн анхааралтай нягтлан үзэж, дүн шинжилгээ хийхийн хамт суугаа орныхоо Засгийн газар, албаны хүмүүстэй байнга уулзаж мэдээлэл авч, санал солилцож байна. Эдгээрээс дүгнэн хэлэхэд өнөөгийн байдал нь мэдээлэл, суртал ухуулгын маш хүчтэй сөргөлдөөн мөн. Харин дайн, байлдааны нөхцөл бодитоор үүсээгүй, Хойд Солонгос үнэн хэрэгтээ зэвсгээр халдах, тэр тусмаа Өмнөд Солонгос байлдааны ямар нэг алхам түрүүлж хийхгүй гэдэг нь тодорхой байна. Ямар ч байсан Солонгосын хойг дээр дайн дэгдэх нөхцөл байдал бий болоогүй гэдгийг дотоод, гадаадын улс төрийнхөн, батлан хамгаалахын мэргэжилтнүүд, эрдэмтэд судлаачид нэгэн дуугаар батлан хэлж байгаа юм.

Гэхдээ ямар нэгэн өдөөн хатгалга, алдаа гарахыг үгүйсгэхгүй. Гэлээ ч гэсэн байлдаан болж, та бүхний амь насанд аюул занал учрах хэмжээнд байдал хүндрэхгүй, БНСУ-ын зэвсэгт хүчин өөрийн улсаа бүрэн хамгаална гэж суугаа орны удирдлага мэдэгдэж байгаа. Монгол Улс, манай ЭСЯ суугаа орныхоо дээрх бэлэн байдал, байр сууринд эргэлзэх ямар ч үндэслэл байхгүй. БНАСАУ-ын тал ч гэсэн үүссэн нөхцөл байдалд ухаалгаар хандана гэж итгэж байна. Энэ байдлыг та бүхэн жирийн солонгос иргэдийн өдөр тутмын тайван аж байдал, ажил хөдөлмөртөө анхаарсан байдлаас ч харж байгаа. Тиймээс манай иргэд тайван байж, ажил сурлагадаа урьдын адил анхаарна уу гэж уриалъя" хэмээсэн байна. 

"Бидэнд мэдээлэл өгөх эрх байхгүй" гэлээ


Бодит байдлын талаарх мэдээллийг уншигчдадаа  хүргэхээр бид Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдад хандлаа. БНСУ-ын ЭСЯ-ны ажилтнууд бидний хүсэлтийг Элчин сайд болон Соёлын атташедаа дамжуулан эргэж хариу мэдэгдэхээр болсон юм. Харин БНАСАУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудын хувьд "Солонгосын хойгийн асуудлаар манай ЭСЯ тайлбар хийх боломжгүй. Дур мэдэн мэдээлэл өгөх эрх бидэнд байхгүй" гэсэн хариултыг албан ёсоор өглөө.

Д.ЦЭЭНЭ

0 comments:

Post a Comment