Wednesday, April 3, 2013

О.Магнайг цэвэр ялсан үүрэн холбооныхон

Шинэхэн даргын ширүүхэн тэмцлийн байнд үүрэн холбооны оператор компаниуд өртөж, гар утасны ярианы тарифийг секундийн алхмаар тооцох болсонд хэрэглэгчид их баяртай байсан.  Байсан гэхийн учир нь гуравдугаар сарын дунд үеэс эхэлсэн энэхүү шийдвэр хэрэгжихдээ О.Магнайн хөндөн гаргасан хувилбараар бус зах зээл дэх жижиглэнгийн үнийн жишгээр хэрэгжиж эхлэв. Уг нь санаачлага гаргасан ШӨХТГ-ынхан болоод хэрэглэгчдийн хувьд одоо мөрдөж буй үнэ тарифаа 60 секундэд хуваан нэгжийн үнийг тогтооно хэмээн төсөөлж байсан юм. Хэрэв тэгж тооцсон бол нэг секундын яриа хамгийн үнэтэйдээ 1.5 төгрөгөөс хэтрэхгүй. Гэтэл өнөөдөр хэрэглэгч секундийн алхмаар тооцох үйлчилгээг сонговол 1.6-2.2 төгрөгийг нэг секундын яриандаа төлөх юм. Энэ нь минутын үйлчилгээний үнэ 100-120 төгрөг болон нэмэгдсэн гэсэн үг юм. Ийнхүү секундын алхмын шийдэл хэрэглэгчдэд бус операторуудад ашигтай болж, тэдгээр  компаниуд О.Магнайг далаар нь даран цэвэр ялалт байгуулав. Өмнөхөөс үнэтэй ярианы тарифийг сонгох хэрэглэгч тун цөөхөн байгаагийн жишээг Мобикомоос харж болно. Тус компанийн 1.3 сая хэрэглэгчээс ердөө найман хүн ярианы тарифийг секундийн алхмаар тооцох үйлчилгээг авчээ.

Таван мянгын дугаар 20 саяд дөхжээ


Үүрэн холбооны операторууд улсын хөгжилд эргэлт авчирсан нь маргашгүй үнэн. Гар утасгүй байх үед ажлаа хэрхэн амжуулж байснаа санахад ч бэрх. Ямартай ч гар утас гэдэг нийт олонхыг хамарсан хэрэглээ болж чадсан. Нэг хэсэг хүмүүст зэрэг дэвийг нь илтгэсэн гангараа болдог ч тал бас бий. Ямартаа  л 9911, 9111, 9191, 8811, 9811 дугаарууд машины үнэд хүрч байхав дээ. Хувийн бизнес эрхлэгчдийн хувьд хоногийн хоолоо хагаслан байж авсан байхыг үгүйсгэхгүй. Харин төрийн албаныхан  машин, хөдөөд бол байрны үнэд хүрсэн "босс" дугаарыг хэрхэн авсан талаар нь мөшгиж, хөөвөл төрөөс төрсөн тэрбумтнуудыг амархан барьж болно доо. Зах зээлийн хуулийг гажуудуулан 9911, 9111, 9191, 8811, 9811 дугааруудыг тэнгэрт цойлсон үнэд оруулаад байгаа хүмүүс нь тухайн оператор компанийн эрх мэдэлтнүүд, тэдний  ах дүү, найз нөхөд байдаг. Үүнийг  шударга бус өрсөлдөөн гэж үзэхгүй байгаагийн шалтгаанаа О.Магнай дарга бас тайлбарлаж болох юм. Аль ч оператор компанид өнөөдөр энгийн дугаар 5000 төгрөгийн үнэтэй байгаа. Азын болоод алтан, мөнгөн дугаарууд гэж ялган үнэд хүргэдэг жишиг ганцхан Монголд л бий. Бүхнийг цэнтээр тооцож сурсан гадныханд бол тооны цуглуулга хэд байх нь огтхон ч падгүй. Гар утас бол буадтай цаг алдахгүй холбоо барих хэрэгсэл болохоос чамирхал хээнцэрхэл биш гэж тэд үздэг. Харин манайхан эсрэгээрээ сарын төлбөрийг нь дийлэхгүй байсан ч хамаагүй 9911-ээр гоёж, ажиллуулж чадахгүй ч андройдыг сонгодог хачирхалтай зон шүү. Нүүдэлчдээс үүдэлтэй хөрөнгө хураахаас илүү хэрэглэхийг чухалчилдаг үрэлгэн занг үүрэн телефоныхон л лав овжин нь аргагүй ашиглаж байна. Аргагүй дээ, тэдний ард центийг долларт хүргэх нарийн ухаантай гадныхан байгаа шүү дээ. Үнэгүй үйлчилгээг ч үнэд хүргэх ухаан тэдэнд бий. Дуудлага хадгалах, дугаар нууцлах болон дуут шуудан гээд хүмүүст хэрэгтэй бүх үйлчилгээ гар утсаа дагалдан хэрэглэгчдэд хүрдэг. Гэтэл манайд эсрэгээрээ бүгд үнэтэй.

"Баавгайн тал"-ын хууль


"Өрсөлдөөний тухай хууль" хэрэглэгчдийн хувьд "баавгайн тал"-ын хууль. Өнөөдөр харилцаа холбооны зах зээлд хамгийн өндөр тарифтай "Мобиком"-ыг хэвлэлийнхэн онилж хичнээн янзаар бичлээ. Мобикомтой гэрээ байгуулан бүтээгдэхүүнийг нь дамжуулан борлуулдаг гэрээт борлууулагчдын хувьд олон жилийн өмнөөс ярианы тариф дэндүү байгааг дуулгасаар ирсэн. Гэвч компанийн зүгээс ярианы үнийг бууруулахгүй байгаа шалтгаанаа "Өрсөлдөөний хууль"-ийн зах зээл дэх давамгай компани гэсэн заалтаар дулдуйдан тайлбарладаг. Харилцаа холбооны зохицуулах хороо ХХЗХ- ны зүгээс ч Мобикомын ярианы тарифын доод хэмжээг тогтоодог жаяг тогтоод уджээ. Ярианы тарифаа үүнээс буулгаж болохгүй, эс тэгвээс бусад чинь дампуурна гэсэн тайлбарыг ХХЗХ хэлдэг гэнэ. Уг нь бид бодохдоо дээд үнийг тогтоомоор. Гэтэл эсрэгээрээ байгаагийн шалтгаан юу вэ. Өрсөлдөөний хуулийг харахнээ зах зээлд ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй компаниудын хоорондын харилцааг зохицуулах, үүнд ШӨХТГ ямар үүрэгтэй оролцох талаар дурдсанаас хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан үг өгүүлбэр нэгээхэн ч алга.

М.СУРА


0 comments:

Post a Comment