Wednesday, April 10, 2013

Дарга нараа муулвал “чингэлгээ чирээд зайл” гэнэ

Дарга нараа муулвал "чингэлгээ чирээд зайл" гэнэ

"Өгөөмөр" захын удирдлагуудын мөнгө саах арга хэрээс хэтэрч буй талаар түрээслэгчид нь гомдоллож байна.

Энэ мэдээллийн мөрөөр өнгөрсөн баасан гаригт бид тус захыг зорилоо. Монголчууд машинаа эвдэрхээр "эд эрхтэн"-г олох гэж энэ захыг зорьдог хойно хөл хөдөлгөөн, машин тэрэг их болов уу гэтэл үгүй. Сэлбэг худалдаалж буй хүмүүсийн хэлснээр "Автомашины сэлбэг гүйх улирал эхлээгүй болоод ч тэр үү худалдан авагч тийм ч олон биш байна" гэв. Сэлбэг зардаг зарим нь хийх ажлаа олж ядан, бөөгнөрөн сууцгааж байх юм.

Тэдэн дээр очиж зорьж ирсэн учир байдлаа хэлбэл, "Бид мэдээлэл өгөхгүй" гэсээр тарж одсон. Түрээслэгчидтэй ярилцах гэж нэлээд олон чингэлгээр явлаа. Гэвч хэвлэлээс явж байгааг мэдмэгцээ таг дуугүй бол­чих юм. Яагаад хэвлэлд ярих дургүй байгааг нь сонирховол "Бид нарт дараа нь хэцүү шүү дээ. Дарамтлана" хэмээж бай­лаа. Нэгэн түрээслэгчийн өгүүлс­нээр "Өгөөмөр" захын түрээс өндөр, орчин нөхцөл хэцүү байна" гээд ганц дуугарах юм бол удирдлагууд нь "Чингэлгээ чирээд зайл" гэдэг аж. Машины сэлбэг зарж амьдралаа залгуулж байгаа тэдний хувьд хоолноосоо салахыг хүсээгүй учраас хэдий хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа ч амаа жимийгээд л өнгөрдөг байна. Тиймээс бид "Нэрийг тань нууцлана" гэсээр зарим мэдээллийг авлаа.

Өнгөрсөн жил "Өгөөмөр" захынхан сард 120 мянган төгрөгийн түрээс төлдөг байсан бол өнөөдөр 135 мянгыг тушаадаг болжээ. Жил бүр л түрээс нь нэмэгддэг юм байна. Анх байгуулагдахдаа 70 орчим мянган төгрөгийн түрээс авч байсан бол өдгөө хоёр дахин өсчихөөд байгаа нь энэ. Тэд түрээсийн төлбөр чингэлгийн багтаамжаасаа хамаараад харилцан адилгүй мөнгө төлнө. 20 тоннын чингэлэгтэй нь сард 135 мянга, 40-ийнх нь 270 мянган төгрөгийн түрээс төлнө. Дугуй зардаг хүмүүс сардаа 145 мянгыг төлдөг. Бас болоогүй  жижигхэн сүүдрэвч бариад эрэг шурга, хүнсний бүтээгдэхүүн зардаг хүмүүс ч бас сар бүр 70 мянган төгрөг төлдөг гэсэн. Тэдний хувьд жил бүр түрээсээ нэмж төлжээ. Түрээчлэгчид "Өнгөрсөн жил түрээс 20 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Энэ жил дахиад л нэмчихлээ. Манай захын удирдлагууд түрээсээ авах гэж л ирдэг. Түүнээс биш "Та нарын үйл ажиллагаа явуулж байгаа орчин нөхцөл ямар байна. Яавал орлого нэмж болох вэ" гэж хэзээч бидэнтэй уулзаж байгаагүй. Ер нь энд түрээс төлдөггүй газар гэж бараг байхгүй. Тэрэг түрээд хоол, цай зардаг хүмүүсээс өдрийн 2000-3000 төгрөг авдаг" гэж байлаа. Харин "Өгөөмөр" захын захиргаанаас түрээс нэмсэн шалтгаанаа "ам.долларын ханш өссөн. Энэ хүмүүс хог их тарьж байна" гэсэн тайлбараар аргацаах аж. "Өгөөмөр" зах нь "Даймонд" компанийн мэдлийнх. Бодит байдал дээр "Даймонд" компани "Өгөөмөр" зах байрлаж байгаа газрыг л эзэмшдэг юм байна. Түүнээс биш уг зах дээр байгаа чингэлгүүд нь түрээслэгчдийн өөрсдийнх нь өмч. Энэ нь түрээслэгчид уг газар дээр үйл ажиллагаа явуулсныхаа хөлсөнд л сар бүр 140-260 орчим мянган төгрөг төлдөг гэсэн үг. Энэ тохиолдолд түрээс өндөр байна гэж түрээслэгчид гомдоллох нь аргагүй юм шиг. Түрээслэгчдийн хэлснээр "Өгөөмөр" зах дээр 700 орчим чингэлэг буюу тэр тооны түрээслэгч бий. Ингээд бодохоор "Даймонд" сардаа л 20 орчим сая төгрөгийг түрээслэгчдээс "саадаг" гэсэн үг. Дээр нь чингэлэг түрээслэгчдээс гадна жижиглэнгийн бараа, хоол зардаг хүмүүсээс татсан мөнгө ч нэмэгдэнэ. Түүнчлэн түрээслэгчдээс газар дээрээ үйл ажиллагаа явуулсны гэж 70-270 мянган төгрөг авдаг атлаа газрын татвар хэмээн сар бүр 10 мянган төгрөг бас хураадаг байна. "Баянзүрх дүүргийн газрын албанаас явж байна. 10 мянган төгрөг хураалга" гэдэг аж. Энэ мөнгийг өгөөгүй нэгэн нь хэцүү асуудалтай тулгардаг бөгөөд өгөхгүй сар болчих юм бол Солонгос, Япон руу бараагаа татахаар явж чадахгүйд хүрнэ. Учир нь тэд гаднаас бараагаа татахдаа "Өгөөмөр" захын захиргаанаас тодорхойлолт авдаг байна. Тиймээс 10 мянгаа төлөөгүй л бол "Татвараа төлөөгүй" гээд тодорхойлт өгөхгүй чангалдаг гэнэ билээ.

Түүнчлэн "Өгөөмөр" захын удирдлагуудын мөнгө "идэх" арга нь тун ч нарийсаад буйг түрээслэгчид дуулгаж байсан. Тэдний хэлснээр "Өгөөмөр" зах дээр 700 орчим чингэлэг байдгийг дээр дурьдсан. Харин тус захын ахлах зохион байгуулагч нь "Манайд 450 контейнер бий" гэж хэлсэн. Энэ хоёрын хооронд 250 орчимчингэлэгийн зөрүү гарч байна. Үүнийг түрээслэгчид "Чингэлгийнхээ тоог цөөхөн хэлж татвараас бултах нэг арга нь тэр" хэмээн үзэж буй юм. Учир нь ихэнх чингэлгийн  дугаар нь давхцдаг байна. Тодруулбал 169 гэсэн контейнер хоёр байдаг гэсэн үг. Энэ мэтчилэн тус захын удирдлагууд мөнгө л авч байвал бусад нь хамаагүй гэсэн байдлаар ханддаг ажээ. Түрээслэгчид "Эмэгтэй хүмүүс гадаа зогсоход хүндрэлтэй. Энд зогсдог эмэгтэйчүүдийн дунд эрүүл хүн бараг байхгүй. Бид өглөө гараад л орой харьдаг болохоор эрүүл мэндээ анхаарч үзлэгт орж чаддаггүй. Нэг өдөр зогсохгүй бол түрээсийн мөнгөнөөс эхлээд амьдралаа залгуулахад хэцүүхэн болдог. Гэтэл манай удирдлагууд биднийг огт боддоггүй, байнга л түрээсээ нэмдэг" хэмээн гомдоллож байсан юм. Тэдний орлого янз бүр байдаг аж. Өвлийн улиралд орлогогүй өнжих тохиолдол олон гардаг гэсэн. "Өгөөмөр"-ийн наймаачид зарим өдөр 20-50 мянган төгрөгийн орлоготой гэртэй харьдаг байна. Хамгийн ихдээ л 100 мянган төгрөг олдог гэсэн.

"Өгөөмөр" захад тулгамдсан асуудал дэндүү олон бөгөөд ганцхан бие засах газартай. Энэ нь багагүй асуудал үүсгэдэг байна. Зүүн буландаа ганц бие засах газартай болохоор баруун болон хойт хэсгийн хүмүүс тэр хол очих боломжгүй байдаг аж. Яагаад гэвэл барааг нь харах хүн байхгүй, жаахан л холдох юм бол бараагаа алдах гээд... Тиймээс хойт талын чингэлгүүдийн ард очоод л "морь харж" орхидог байна. Үүнээс болоод шивтэр үнэртэж байж суух аргагүйд хүргэдэг гэнэ. Тэр хэсэг нь бараг л ил бие засах газар болж хувирчээ. Цаг наашилж дулаараад эхэлсэн болохоор бохир нь гэсч шалбааг болж, хүн явахад ч хүндрэлтэй болжээ. Үүнээс болоод хойт захад чингэлэг түрээслэдэг хүмүүс ямар ч орлогогүй өнждөг болсон байна. Түүнчлэн дулаараад ирэхээр энэ нь халдварт өвчний эх үүсвэр ч болж мэдэхээр байна билээ. Харин "Өгөөмөр" захын удирдлагууд "Хог их гарч байна" хэмээн түрээсээ нэмдэг ч захынхаа ойр орчмыг ганц ч удаа цэвэрлэж байгаагүй гэнэ. Түрээслэгчид "Цэвэрлэгээ хийгээч, бидэнд бараагаа зарахад хүндрэлтэй байна" гээд хэчнээн хэлээд ч нэмэргүй гэв. Ер нь бол "Өгөөмөр"-ийн удирдлагуудад ямар ч шаардлага тавиад үр дүнд хүрдэггүй гэсэн.Нэг удаа түрээслэгчид шаардлага тавьж тэмцсэн ч хэрүүл, зодоон болоод өндөрлөсөн гэнэ билээ. Тийм болохоор түрээслэгчид амаа үдүүлсэн мэт өнгөрдөг ажээ. Тиймээс "Өгөөмөр" захын захиргааныхан "Эд нар юу хэлэх юм. Яаж ч чадахгүй" гэсэн байдлаар хандаж, хүссэнээрээ төлбөрөө нэмж, зоргоороо авирладаг болжээ. Энэ үгийг түрээслэгчид хэлсэн. Саяхан гэхэд л түрээслэгчдээсээ зах руугаа ороход нь 500 төгрөг хураах тухай ярьжээ. Түрээсийн мөнгө, татвар гээд зөндөө мөнгө тушаачихаад дахиад "Би бараагаа зарахаар орох гэсэн юм" гээд 500 төгрөг төлөх нь шударга биш байлтай. "Өгөөмөр" рүү орсон машин бүр гарахдаа 500 төгрөг төлдөг. Энд дурьдсан тоонуудыг нэмээд үзвэл "Өгөөмөр"-ийн эздийн хэтэвч нэлээд зузаан байх учиртай. Тийм хэрнээ түрээслэгчдийн ажиллах орчныг арай аятай тохьтой болгоход анхаарах нь зүй ёсных баймаар бодол төрснийг дашрамд тэмдэглэе.

Бид "Өгөөмөр" зах дээр сурвалжлага хийж явах үеэрээ удирдлагуудтай нь уулзах гэсэн мэдээлэл өгөх хүн байсангүй. Тиймээс тус захын ахлах зохион байгуулагч Ганбаатартай нь холбогдсон юм. Тэрбээр "Та нарт ямар хамаатай юм" хэмээн хэгжүүхэн хариулж байсан. Түүнээс түрээсээ яагаад нэмсэн талаар нь тодруулахад, "Зах зээлийн үнэ ямар байгаа билээ. Манайх шиг бага түрээстэй газар байхгүй. Манай түрээс 130-210 мянган төгрөгийн хооронд байгаа" гэж байлаа. Харин битүү болгох эсэх талаар лавлахад "Би мэдэхгүй. Явцын дунд битүү болгох яриа байгаа л байх" хэмээнэ билээ.

Б.АЗЗАЯА

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

0 comments:

Post a Comment