Wednesday, April 10, 2013

Лениний музейн асуудлаарх шүүх хурал болно

Лениний музейн асуудлаарх шүүх хурал өнөөдөр 08.30 цагт Нийслэлийн шүүхэд болно. Төрийн өмчийн хороо болон Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Лениний музейг зориулалт ёсоор ашиглахын тулд 1997 оны шүүхийн шийдвэрүүдийг эргэн нягтлуулахаар ийнхүү шүүхэд хандаад буй юм. Нийслэлийн шүүхээс хэргийг хэлэлцэхээр дөрөвдүгээр сарын 1-нд анхны хурлыг зарласан ч Лениний музейн ашиглагч тал болох МАН-аас хууль эрх зүйн мэдээлэл шаардлагатай байна гэсэн шалтгаанаар хурлыг хойшлуулахыг хүссэн юм. Тиймээс шүүх хурал 10 хоногоор хойшилж өнөөдөр болохоор товлогдоод байна. Шүүх хуралд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Хуулийн мэргэжилтэн Т.Энхбаяр, Музей хариуцсан мэргэжилтн н.Мэндсайхан болон Төрийн өмчийн хорооны албаныхан төлөөлөн ирэх ажээ. Харин ашиглагч тал болох МАН-аас одоогийн байдлаар шүүх хуралд ирүүлэх төлөөллөө мэдэгдээгүй байна.

Шүүхэд хүсэлт гаргасан үндэслэлийн тухайд, Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Төрийн өмчийн хорооны байр суурь бол музейг зориулалт ёсоор нь яаралтай ашиглахын тулд МАН-ыг ашиглагч тал буюу өмч нь мөн гэж байсан тухайн үеийн  шүүхийн шийдвэрийг эргэн нягтлуулах ажээ. Тодруулбал, 1996 онд Төрийн өмчийн хороо байгуулагдаж, өмчийг тоолох гэтэл тухайн үед өмчлөлийн маргаантай байсан барилгуудын нэг нь Лениний музей байж. Ингээд өмчлөлийн асуудал сөхөгдөж, 1997 онд анхан шатны шүүхээс Лениний музейг төрийн өмч гэсэн шийдвэрийг гаргасан байна. Харин Нийслэлийн давж заалдах шатны болон Дээд шүүхээс намын өмч гэдгээр шийдвэр гарч, Намын түүхийн институт ашиглаж байгаад улмаар МАН  ашиглагчийн статустай болсон байна. Ингээд өдийг хүртэл үйлчилгээний чиглэлээр ашиглаж ирсэн юм.

Ийнхүү өнгөрсөн намраас эхлээд яригдаж эхэлсэн Лениний музейг зориулалт ёсоор нь ашиглахын тулд Засгийн газрын тогтоол гарч, албан бичгийг ашиглагч талд илгээсэн ч одоог хүртэл ямарваа хариу ирээгүй учраас шүүхээр авч хэлэлцэхээр болж байгаа тухай Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. Лениний музейг Үлэг гүрвэлийн музейн зориулалтаар нь ашиглаж чадвал овор, хэмжээ шаардсан үнэт олдвор болох үлэг гүрвэлийн яснуудыг байрлуулах юм.

У.БОЛОР

0 comments:

Post a Comment