Sunday, April 14, 2013

ТЕГ-аас мэдэгдэл гаргажээ

Тагнуулын ерөнхий газраас "Нийт хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч нарт" гэсэн тодотголтой мэдэгдэл өнгөрсөн долоо хоногт гаргасан байна. Уг мэдэгдэлд "Сүүлийн үед тагнуулын байгууллагын удирдлага, албан хаагч, үйл ажиллагаатай холбоотой ташаа, улс төржүүлэх гэсэн, буруугаар мушгин тайлбарласан мэдээ мэр сэр нийтлэгдэх боллоо. Тухайлбал, Өвөрхангай аймагт гарсан хэргийг мушгин гуйвуулж, улмаар ТЕГ-ын удирдлага, томилгоотой холбогдуулсан бол албан хаагчдыг мөрийтэй тоглоом тоглож яваад баригдсан мэтээр тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажилтнуудын нэр хүнд, ёс зүйд бүдүүлгээр халджээ" хэмээн дурджээ.

Улс орны энх амгалангийн манаанд зогсч буй байгууллагын хувьд нуух, хаах зүйл тодорхой хэмжээнд байх боловч нууцлах тусам хүмүүс илүүтэй сонирхдог учраас хэвлэлийнхэн тус байгууллагад ханддаг. Гэтэл тус байгууллагын мэдээлэл төдийлөн ил тод биш гэдгийг захын хэвлэлийнхэн хэлнэ. Тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд "ТЕГ нь Олон нийттэй харилцах албаараа дамжуулан хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай ил тод, шуурхай зарчимч байдлаар харилцаж, аливаа хэрэг явдлын талаар бодит байдалд нийцүүлэн хуулийн хүрээнд мэдээлэл өгч хамтран ажилладаг" гэснээс ирээдүйд энэ байгууллага ингэж ажиллах нь гэж ойлгож болох юм. Албан эх сурвалж мэдээллээ нууцалж буй тохиолдолд албан бус эх сурвалжийн мэдээлэл нийтэд түгдэг гэдгийг ч эрхэм тагнуулч нар болгооно биз ээ.

Д.ЦЭЦЭН

0 comments:

Post a Comment