Wednesday, April 17, 2013

“Би байгууллагаа шинэ байртай болгоё л гэж бодсон”

"Би байгууллагаа шинэ байртай болгоё л гэж бодсон"

"Ажил хийсэн  хүн буруудах гээд байдаг болсон  ямар ч үе юм. Байгууллагаа гоё байртай, дансанд нь мөнгөтэй болгочихсон гэж зүтгэсэн энэ хүн өнөө амар тайван унтаж чадахаа байлаа. Угийн тайван хүн тулдаа их хүлээцтэй, тэвчээртэй байх юм. Надад бол зүгээр хажуугаас нь хараад суух ч хэцүү. Энэ нэг байшин ашиглалтад орох янз ормогц хүмүүс хөгшнийг янз бүрээр оролдох боллоо. Шүүхэд өглөө, буруугүй нь тогтоогдсон, АТГ-д өгч ч шалгууллаа, зөрчил байхгүй байна л гэсэн. Энэ бүх процесс болоод өнгөрөх хугацаанд манай хүн мөн ч хүлээцтэй тайван байсан. Одоо харин тэвчихэд хэцүү болж байх шиг байна. Бас л элдвээр оролдоод байх юм. Хүмүүс ямар муухай байдаг юм бэ, өөртөө ашиг унагахын төлөө юу ч хийж магадгүй нь" гэж үгээ хэлэх эмэгтэйн нэр Д.Дугараа. Тэрбээр Монголын Энх тайван найрамдлын нийгэмлэгүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар 30-аад жил ажилласан Д.Билэгтийн гэргий. Хотын төвд Энхтайваны өргөн чөлөөнд Энх тайван найрамдлын ордны хуучин саарал байшингийн урд сүндэрлэсэн өндөр шилэн байрны эргэн тойрон дахь худал үнэн нь мэдэгдэхгүй яриа, дуулианы талаар үнэн мөнийг хэлэх хүн бол манай өвгөн. Тиймээс түүнтэй уулзаж ярилцлага авч олон нийтэд бодит мэдээлэл өгч болох уу гэсэн хүсэлт тавьсан юм. Ингээд Д.Билэгт даргатай уулзаж ярилцлаа.

-Хотын төвд боссон энэ өндөр байшинг хэнийх юм бол, хаанахын хөрөнгөөр барьсан, хэн суух, талбай хэдээр түрээслэх бол гэх зэргээр хүмүүс багагүй сонирхож байгаа үе. Байшингийн түүхийг хамгийн сайн мэдэх хүн нь та гэж ойлголоо, энэ талаар ярьж өгөөч?

-Тийм ээ, үнэхээр хамгийн сайн мэдэх нь би. Яагаад гэхээр холбооныхоо байрыг сайжруулахын зэрэгцээ дансаа мөнгөтэй байлгахсан гэсэн сэтгэлээр яавал дээр вэ гэж тархиа ажиллуулсны дүнд боломжийн хувилбараар ажилласан гэж боддог. Санаснаараа байгууллагаа шинэ байртай ч болголоо, дансандаа мөнгөтэй ч болсон. Гэтэл өндөр гоё байшин ашиглалтад орох болоход маргаан үүслээ, 2012 оны хоёрдугаар сараас. Одоо жил болж байна. Энэ хугацаанд сонин хэвлэл, сайтуудаар намайг болон манай холбооны Ерөнхийлөгч Д.Цахилгааныг гүтгэсэн худал хуурмаг мэдээ их гарлаа. Харин том сонинууд бол худал зүйл бичээгүй шүү. Ерөнхийлөгч Д.Цахилгаан бид хоёр хэвлэлд хандаж нэг их юм хэлээгүй, гаргаагүй. Яагаад гэхээр үнэн юм үнэнээрээ гараад ирэх байх гэж бодоод байсан. Маргаан ч дуусах байх гэж бодсон. Асуудлын учир олдохоор хэвлэл мэдээллээр тодорхой хариу өгье гэж бодсон л доо. Гэтэл сүүлдээ гаараад хүний санаанд оромгүй айхавтар гүтгэлэг хийх боллоо. Тийм болохоор танай сонинд ярьчихъя гэж бодлоо. Энэ асуудлаар анх удаа хэвлэлд ярилцлага өгч байна. Энх тайван найрамдлын ордон 1971 онд баригдсан. Байгууллага, хүмүүсийн хандиваар.

-Бөхийн өргөө шиг үү?

-Тийм. Одоо 42 дахь жилдээ болж байна. Энэ байр бол Энх тайван найрамдлын холбооны өмч. Олон нийтийн байгууллагын өөрийнх нь өмч юм.

-Үүнийг нь төр хүлээн зөвшөөрдөг үү?

-Зөвшөөрөлгүй яах вэ. 2006 онд Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт өөрийн биеэр хөөцөлдөж бүртгүүлж баталгаажуулж авсан. Тэр үед энэ ордныг төрийн болоод төрийн бус олон байгууллага булааж авах гэж дайралт хийсэн л дээ. Тэр бүгдийг давж гарсан. 1990-ээд онд маргаантай өмчүүдийн жагсаалт гэж байлаа шүү дээ. Уг жагсаалтаас Төрийн өмчийн хорооны "Энэхүү байшинг барихад төрийн өмч оролцуулаагүй" гэсэн шийдвэрийг үндэслэж хассан юм. Үүнээс хойш шинэ тогтолцооны үеийн өөрийнхөө өмчийг баталгаажуулсан олон нийтийн байгууллагын өмч болсон.

-Ордны гадаа талбай цэвэр цэмцгэр, ар талдаа гоё цэцэрлэгтэй ч байсан даа...

-Тэгэлгүй яах вэ. Холбоо анх эргэн тойрондоо 0,9 га газартай байлаа. Гэтэл хотын захиргаа, үе үеийн удирдлагууд нь хот өөрийнхөө газрыг мэддэг юм хэмээн тал талааас нь тайрч авсаар байсан. Сүүлдээ бүр ордны урдах барималтай талбайг хүртэл манай эзэмшлээс хасаад зөвхөн ордныг тойрсон хэмжээ хүртэл багасгасныг би бас л хөөцөлдөж байж буцааж авч кадастрын зургийг нь гаргуулж гэрчилгээг нь авсан. Энэ хүртэл маргаан, зөрчилдөөнтэй асуудал бишгүй байсан ч тухай бүрт шийдүүлж авсан. Ордны хойно 50-60 модтой их гоё төгөлтэй хашаа байсан. Хүмүүс мэднэ.

-Тэр хаачсан бэ?

-Нэг хагас бүтэн сайнд яваад иртэл 24 метр урт байсан газрыг 12 болтол хасчихаж. Хүмүүс газар авч гэнэ. Удалгүй орон сууцны байшингууд боссон. Түүнээс хэсэгхэн хугацааны дараа байшингийн маань хоёр буланд бас байшин бариад авсан. Энэ бол Ц.Батбаяр даргын үе. Түрүүчийнх нь бол талийгаач Ж.Наранцацралт даргын үе юм. Тэгээд бодлоо. Эргэн тойрны газраа энэ мэтээр ээлж дараалуулан алдаад дуусах юм байна. Барималтай чулуун талбайгаа ч нэг өдөр дахиад тавиад туух юм байна гэж бодсон л доо. Тэгээд энэ талаар Удирдах зөвлөлийн хүрээнд ярьснаар Ордныхоо урд талд байшин барьж авъя гэж шийдсэн. Нэгдүгээрт ордны барилга 40 гаруй жил боллоо, ашиглалтын хугацаа ч дуусах тийшээ болох нь, тиймээс шинэ байшин барьж нүүж оръё гэж шийдсэн. Эхэндээ хөрөнгө босгож таван давхар байшин барья гэж шийдсэн юм. Тэгсэн хотын захиргаа хотын төвд ийм намхан байшин цаашид бариулахгүй гэж байна. 15-аас доош байшин барьж болохгүй гэлээ. Тиймээс өндөр байшин барих хэрэг гарлаа. Манайх олон нийтийн байгууллага болохоор санхүүгийн бололцоо байхгүй. Санхүүгийн эх үүсвэрийг газар эзэмших эрх, байшин бариулах зөвшөөрөл хоёроороо бүрдүүлэх юм байна гэж ойлгосон. Мөнгөтэй барилгын компаниудад тодорхой хэмжээний талбай  өгөх замаар шийдэх нь зөв юм байна гэж бодсон. Тэгээд "Sunday групп"-ийг сонгож гэрээ хийсэн юм. Газар эзэмших эрх, байшин бариулах зөвшөөрөл хоёроороо 1200 м2 талбайг нэг ч төгрөг зарахгүйгээр авъя гэж гэрээлэн шинэ байрны долдугаар давхрыг нь авахаар болсон. Барилгын ажил 2009 онд эхэлсэн. Ажил эхэлснээс хойш хүндрэл их гарч байлаа. Орчин тойрны хүмүүс гэрэл хаалаа, дуу чимээ их байна гэхчлэн хэл ам тасрахгүй. Зарим нь шүүхэд өгч ч байсан. Гарсан асуудал бүрийг зохицуулж ирсэн. Гэтэл 2009-2010 онд санхүүгийн хямрал болоод хаа сайгүй барилгын ажил зогссон. Ер нь ч барилга барих амар биш юм билээ л дээ. Янз бүрийн шалтгаанаар удааширсаар байгаад 2012 оны сүүлээр дуусах нь тодорхой болж, арванхоёрдугаар сард улсын комисс энэ байшин дээр ажилласан. Байшин боссон учраас манай холбоо гэрээлж авсан ёсоор өндөр байшингийн долдугаар давхарт орох болно оо доо. Тэгэхэд Энх тайван найрамдлын ордны хуучин саарал байшингаа яах вэ гэдэг асуудал гарч ирлээ. Дээр нь байшин барья гэхэд хуучирсан. Сантехникийн талаас элэгдэл хорогдол ихтэй. Их засвар хийе гэхээр хөрөнгө байхгүй. Тэгэхээр Удирдах зөвлөл хурлаараа энэ байшингаа зах зээлийн үнээр худалдъя, үйл ажиллагаагаа шинэ байрандаа явуулъя гэж шийдсэн. Байшингаа худалдах уу, тэгвэл ямар үнээр зарах вэ гэх зэргийг шийдэх гэж Удирдах зөвлөл хоёр, гурван ч удаа хуралдсан. Тэгээд эцэст нь таван байгууллага дундаас "Бишрэлт" группийн охин компани ЮНИКО-д нэг тэрбум төгрөгөөр худалдсан юм.

-Зах зээлийн үнээр гэсэн үг үү?

-Тийм. Тэр үеийн зах зээлийн үнээр, боломжийн ч үнэ. Үнийг Барилгын яамны албан тушаалтнуудтай зөвлөлдөж, Удирдах зөвлөлийнхөө гишүүдийн санаа оноог сонсч байж  тогтоосон. Манай Удирдах зөвлөл 11 гишүүнтэй, тэд бүгд гарын үсэг зурж зөвшөөрсөн тогтоол гаргаад намайг худалдах газраа ол, гэрээ байгуул гэсэн чиглэл, үүрэг өгсөн. Үүнийх нь дагуу судлаад энэ компанид худалдсан юм. Энэ бол 2011 оны зургадугаар сарын 20-доор болсон явдал. Тэгээд байж байтал 2011 оны сүүлээс эхлээд асуудал үүссэн. Манай Энх тайван найрамдлын нийгэмлэгүүдийн холбоо 37 гишүүн байгууллагатай. Тэдэн дотроос зарим найрамдлын нийгэмлэгийн хүмүүс тухайлбал, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд дарга Д.Цогзолмаа, Монгол-Шведийн нийгэмлэгийн төлөөлөгч Р.Мөнхбат, Монгол-Чехословакийн нийгэмлэгийн тэргүүн Т.Нямдорж нар маргаан үүсгэсэн. Энх тайван найрамдлын ордныг  худалдлаа, хямд үнээр өглөө, бүх гишүүн байгууллагын санаа оноог авсангүй гээд эхэлсэн. Ер нь манай холбооны дүрмээр бол ерөнхий нарийн бичгийн дарга захиран зарцуулах эрх эдэлдэг. 

-Тэр нь та?

-Тийм. Удирдах зөвлөлөөс тогтоож өгсөн эрхийн хүрээнд ажиллах ёстой. Ажиллаж ч байсан. Байшин зарах асуудлыг ч номын дагуу явуулсан үйл ажиллааны хүрээнд хамтаар шийдсэн. Хөрөнгө мөнгө зарцуулах асуудлыг Удирдах зөвлөл шийддэг. Тэд маргаан үүсгэхдээ үндэслэлийг юу гэж гаргасан гэхээр манай холбооны ерөнхийлөгч Д.Цахилгаан бид хоёрыг байшин зарахдаа хямд үнээр өгч авлига авсан, эргэн тойрныхоо газрыг байгууллага, хүмүүст өгч мөн авлига авсан гэж хардан Цагдаа, Мөрдөн байцаах газар, Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж шалгуулсан. Ингээд 2012 оны гуравдугаар сараас эхлээд жилийн турш Д.Цахилгаан бид хоёр шалгууллаа. Ордонтой холбоотой асуудлаарх орлого, зарлагыг бүгдийг шалгасан. Аудит орсон. АТГ-аас байшингийн үнэлгээ зөв болсон эсэхийг тогтоолгохоор шинжээчдийн групп ч оруулсан.

-Зөрчил илэрсэн үү?

-Аудитын зүгээс санхүүгийн зөрчил байхгүй байна гэдгийг тогтоож өгсөн. АТГ-ын оруулсан шинжээчдийн дүгнэлтээр ордны барилгыг газартайгаа 1,229 тэрбумын үнэтэй гэж тогтоож өгсөн. Газар нь 500, байшин нь 700 саяын үнэтэй гэж үзсэн. АТГ асуудлыг хянаж үзээд авлига авсан юм алга, албан тушаал хэтрүүлэн ашиглаагүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн дүгнэлт гаргаад Нийслэлийн прокурор руу шилжүүлсэн. Нийслэлийн прокурор хянаж үзээд мөн л зөрчилгүй гэсэн. Нэгд шинжээчдийн групп ордны барилгыг зах зээлийн үнээр өгсөн нь зөв байна гэж үзсэн. Хоёрт аудитын шалгалтаар зөрүү буруу юм гараагүй, байгуулллага хохироогүй, байшин зарсан мөнгө дансанд нь байна, өөрөөр хэлбэл идсэн уусан юм байхгүй гэж тогтоол гаргасан. Үүнийг мэдсээр байж өнөө нөхдүүд маань сонин сайтуудаар худал зүйл бичээд л байгаа юм. АТГ сэжигтнээр шалгаж байгаа юм байна, байшин хоёр гурван тэрбум хүрэх байтал ганцхан тэрбумаар зарж авлига авчээ гэхчлэн бичээд байдаг. Дансанд нь мөнгө нь байна гээд байхад л та хоёр хувь авч, хувийн дансандаа хийсэн, Билэгт нягтлантайгаа Япон явахдаа хувийн дансандаа мөнгө хийжээ, Д.Цахилгаан гадаад руу оргон зайлжээ гэх мэт мэдээлэл хэвлэгдсэн байсан.

-Тэгэхээр та "Д.Цахилгаан бид хоёр буруугүй" гэдгээ хэвлэлээр дамжуулан хэлэх нь зүйтэй гэж үэж байна, тийм үү?

-Биднийг буруугүй гэдгийг баталсан АТГ-ын шийдвэр байна. Тэгээд болоогүй, үйл явц өрнөж байх зуур  манай холбооны гишүүн байгууллагуудын ээлжит бус хурал гэдгийг зарлаж хийлгээд Д.Цахилгаан бид хоёрыг чөлөөллөө гэв. Тэгээд биднийг гүтгэж яриад яваад байсан хүмүүс өөрсдөө бүгдээрээ удирдлагад нь ороод. Өнгөрсөн оны тавдугаар сарын 30-нд ийм юм болсон юм. Удирдлагыг бүр мөсөн өөрчиллөө гээд Р.Мөнхбатыг ерөнхий нарийн бичгийн даргаар томилоод, Д.Цогзолмааг Удирдах зөвлөлийн дэд тэргүүн болгоод. Ерөнхийлөгч нь Ж.Гүррагчаа болсон.

-Сансрын нисэгч үү?

-Мөн. Холбооны ээлжит бус хурал хийх дүрмийн шаардлага байдаг л даа. Нийт гишүүдийн 2/3-оор хурал хүчинтэй болох ёстой. Гэтэл хуралд оролцогсдын тоо үүнд хүрэхгүй болохоор холбооных гэж хуурамч байгууллагууд оруулж хурал хийсэн. Тэгэхэд нь бид Чингэлтэй дүүргийн шүүхэд заргалдаж тэр хурлыг хүчингүй болгуулсан. Тэгэхээр тэр хурал гэдгээс гаргасан бүх шийдвэр нь хүчингүй болсон гэсэн үг. Гэтэл тэд дахин заргалдаад. Удирдах зөвлөлийнхний, Ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа дууссан байна гэж нэхэмжлэл гаргаад. Тэгж явсаар байгаад сая энэ оны эхээр хоёрдугаар сарын 20-нд бидний бүрэн эрхийн хугацаа дууссан гэж үзлээ. Тэгэхэд нь бид тоогоогүй юм. Түрүүчийн хурал хүчингүй, түүнээс үүдээд бүх шийдвэр хүчингүй юм чинь гээд. Тэгсэн Чингэлтэй дүүргийн шүүхээс шийдвэр гаргуулчихжээ. Түүгээр бидний бүрэн эрхийн хугацааг дууссан гэж гаргуулжээ. Тэгэхэд нь бид Нийслэлийн шүүхэд давж заалдаад Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулсан. Ингээд байж байгаа юм. Байдал ийм байсаар атал энэ хүмүүс одоо сонин хэвлэлээр бүрэн эрхийн хугацаа нь дуус­сан хүмүүс үйл ажиллагаа явуулсаар байна гэсэн юм бичээд байдаг. Энэ шүүх хурлын дараа гуравдугаар сарын 14-нд Ерөнхий чуулганаа хийсэн. Түүгээр бүх нийгэмлэгээ оруулаад хамтарсан комисс байгуулаад хуралдсан. УИХ-ын гишүүн байсан Д.Загджав холбооны Ерөнхийлөгч болсон. Д.Цахилгаан больсон. Би Удирдах зөвлөлийн гишүүн. Удирдах зөвлөл маань Д.Загджавтай нийлээд 13-уул. Анхны хурлаа хийхдээ бүрэн бүрэлдэхүүнээр биш, Д.Загджавтай дөрөвхөн хүн, гадаад яваа хоёрыг орсон гэж үзээд, зургаан хүний бүрэлдэхүүнээр хуралдаж Д.Цахилгаан, Д.Билэгт хоёрын ажлыг шалгах комисс гэж гаргав. Тэр хурлыг би хүчингүй гэж үзэж байгаа ч ажлын комисс аудитын шалгалт оруулсан. Байшингийн үнэлгээг дахин шалгуулж, шинээр үнэлүүлэх юм байх. Ерөнхий чуулган дээр гишүүд ингэж шалга гэсэн гэж тайлбарлаад байгаа. Үнэндээ бол Ерөнхий чуулган дээр энэ тухай олон хүн ярьж, шаардаад байсан юмгүй. Ийм л юм болоод байгаа юм. За, ажлын комисс гаргадаг юм гэхэд шударгаар, маргалдаж байгаа хоёр талаас адил тооны төлөөлөл оруулах хэрэгтэй шүү дээ. Тийм ч юм байхгүй. 

-Одоо тэр шалгалт нь үргэлжилж байгаа юу?

-Тийм. Дан нэг талын хүмүүс ямар дүгнэлт гаргах вэ гэдэг анхаарал татаж байгаа юм. Байшинг буцааж аваад илүү үнээр өгч илүү орлого олох гэсэн санаа тэднийг ийм хэрээс хэтэрсэн, шударга, мөрөөрөө ажлаа л гэж явсан хүнийг байх суух аргагүй болгож байна.

-Тэр байшинг худалдаж авсан компаниас нь эргүүлж худалдаж аваад өндөр гэгчийн барилга барьж их ашиг олох гэж зорьж байгаа юм байх даа. Авсан айл буцааж өгөх болов уу?

-Өгөхгүй байлгүй. Миний хувьд буруу юм хийгээгүй болохоор үнэн явдал ялах учиртай гээд үзэлцээд л байна. Заримдаа хэцүү санагдах юм. Банкны хуулгаас дансан дахь мөнгийг зүй бусаар зарсан тохиолдол байхгүй, чухам юунд гэж гаргасан нь бүгд ил тод харагдаж байхад намайг мөнгө идсэн гэх гээд байдаг. Юм гарахгүй болохоор дансны мөнгийг буруу зарсан гэх гэнэ. Ажил үргэлжилж байхад мөнгө зарцуулах хэрэг гарч таарна. Тэр бүхний баримт ном ёсоороо байхад гүтгэсээр л байх юм. Мөнгөөр гадаадад явсан гэдэг. Миний ажил чинь гадаадад л явдаг ажил юм чинь яах юм. Хүнийг яаж ингэж харлуулж, үгүйсгэж болдог юм. Худлаа юмыг мянга дахин ярихаар үнэн болдог гэдэг шиг явсаар худал мэдээлэл газар авах вий гэхээс санаа их зовж байна. Энэ байгууллагад насаараа ажилласан хүн байгууллага маань муу яваасай гэж юу гэж бодох вэ дээ. Шинэ байртай, дансанд нь мөнгөтэй болгочихоод тэтгэвэртээ гараад сууж байвал жаргал тэр гэж бодож анх энэ бүхнийг эхлүүлсэн чинь одоо ингээд буруутан болохдоо тулаад явж байна даа.

-Нээрэн энэ асуудалд НИТХ-ын даргаар ажиллаж байсан Т.Билэгтийг нэр андуурч хутгаж нэг хэсэг шуугьсан шүү...

-Харин тийм ээ. Тэр Т.Билэгт үүнд ямар ч хамаагүй.   

Р.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

0 comments:

Post a Comment