Thursday, April 25, 2013

Зөвхөн хүмүүс л дэлхийн эзэн биш

Бид энэ хэвээрээ дахиад хэдэн жил болвол эх орны газар шороо, уух ус, ой тайгыг "тэнгэр заяат" монголчууд бидэнтэй булаацалдах ан амьтан, жигүүртэн шувуу бараг л үлдэхээргүй байдлыг бид үүсгэж байна.

Ялангуяа ан амьтны хувьд "нэн" ховордож буй амьтад асар их болж байгаа юм. Тэгвэл 2012 онд шинэчлэн найруулсан Амьтны тухай хуулийн 4.1.3 дахь хэсэгт "нэн ховор амьтан" гэж тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг хэлнэ хэмээн заасан байдаг. Монголчууд бидэнд тэдгээрийн зарим нь устсан хойно нь асар их хөрөнгө мөнгө, гадаадын улс орноос гуйж байж буцаан нутагшуулсан гашуун түүх бий. Ийм түүх дэлхийн бусад оронд ч байдаг юм билээ. Манай орон гэхэд л тахь буцаан нутагшуулсан бол өмнөд хөрш маань бүх тагтаагаа дуусгаад дараа нь гаднаас худалдан авч нутагшуулсан байдаг. Манай улсад байгаа амьтны аймаг дотор нэн ховор амьтдын жагсаалт мазаалай баавгай, хавтгай тэмээ, тахь адуу, ойн буган цаа, цоохор ирвэс, баданга хүдэр гээд нэлээд урт жагсаалт болдог юм байна лээ. Эдгээрээс хамгийн эмзэг байдалд хүрсэн нь говийн эзэн мазаалай устаж үгүй болоход ойртжээ.

Тиймээс энэ сарын 22-нд УИХ-ын Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хороо ШУА-ийн Биологийн салбарын бага чуулгантай хамтран "Мазаалай баавгайг хамгаалах асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулсан. Цөөн тоотой мазаалай баавгайн тоо толгой өсөн нэмэгдэхгүй байгаа гол шалтгааныг уг хэлэлцүүлгээр түүний идэш тэжээл, задгай уст цэгийн хомсдол бий болсонтой холбоотой. Иймд тухайн амьтны идэш тэжээл, уст цэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх буюу амьдрах орчныг тэтгэх, судалгаа шинжилгээний ажлуудыг эрчимжүүлэх шаардлага тулгарч байна" хэмээн дүгнэсэн. Мөн бас нэг мэдэн будилсан дүгнэлт байгаа нь "хүний үйл ажиллагаа буюу уул уурхайн үйлдвэрлэл эрчимжих, байгалийн баялгийг хууль бусаар олборлох явдлаас үүдэн цөөн тоотой мазаалай баавгайн амьдрах орчин, тоо толгойд сөргөөр нөлөөлөх хандлага байж болзошгүй" хэмээжээ.

Хэн мазаалайн идэш тэжээл, задгай усыг нь булаасан юм бэ. Бид шүү дээ, хүмүүс ээ.

Газрын хөрсөнд нуугдмал байгаа эрдэнэсээ авахыг улайран зүтгэсэн энэ цаг үеийн хүмүүс бид газар дээр ил байгаа жинхэнэ баялаг, дахин сэргээгдэхгүй баялгуудаа нэг мөсөн устгахаар санаархаж байгаагаа ойлгохгүй байсаар өнөөг хүрчээ. Ер нь монголчуудын нэг зан байна. Энэ нь аливаа зүйлийг өөрт нь тулаад ирсний дараа ухаж ойлгохоос биш, өвгөдийнхөө захиж сургаснаар алсын хараатай, холын бодолтой байж чаддаггүй. Манай оронд 1967 оноос Мазаалай хэмээх энэхүү нэн ховор амьтныг судалж эхэлсэн байх юм. Тэр үед л тоо толгой нь 20-35-ын хооронд хэлбэлзэж байжээ. Түүнийг 1953 онд дархан цаазтай болгож, 1975 онд тархац нутгийг нь дархан цаазтай бүс нутаг болгосон байна. Гэтэл ингэж "хамгаалж, хайрласаар" байтал энэхүү амьтан маань 1987, 1997 онд Монголын улаан номонд бүртгэгджээ. Өөрөө зүгээр гүйж яваад бүртгүүлчихээгүй нь тодорхой л доо. Бид л тэднийг үхэх аюул руу хайр найргүй түлхчихээд дараа нь "улаан ном" гээчдээ бүртгэжээ. 

Сүүлийн жилүүдийн судалгаагаар Говийн Их Дархан цаазат газарт Атас Ингэс, Шар хулст, Цагаан богд гэсэн баянбүрдийг түшиглэн 45,000 км2 нутагт хамгийн багадаа 22-31 толгой мазаалай баавгай байгаа гэнэ. 2008-2011 онд генетикийн судалгаа хийснээр 8 эм, 14 эр бодгаль байгааг тодорхойлж чаджээ. Үүнээс харахад байгаль эхийн бидэнд өгсөн эн ховор нэгэн амьтан бидний буруутай үйл ажиллагаанаас болоод хэзээ мөдгүй нэг ширхэг ч байхгүй болоход ойрхон болжээ. Уг нь бид нэн ховорт тооцогдож, мөхөх аюул нүүрлэхээс нь өмнө тэднийг хайрлаж хамгаалах ажлаа жинхэнэ ёсоор нь хийгээд байвал ганцхан мазаалай гэлтгүй бусад ан амьтдыг ч байгалийнхаа жамаар өсч үржихэд нь тусалж чадна. Бид л тэдэнд элдэв бусаар нөлөөлөхгүй бол хорвоогийнхоо жамаар үхэж, төрөөд амьдраад л байх болно. Эцэст нь хүмүүс бид л цэнхэрхэн гаригийнхаа ганц эзэн нь биш гэдгийг Дэлхийгээр нэг хашгирч хэлмээр байна.

Т.ДАРХАН

0 comments:

Post a Comment