Monday, April 22, 2013

“Монголд хүмүүнлэг нийгэм байгуулах ёстой”

"Монголд хүмүүнлэг нийгэм байгуулах ёстой"

Тавдугаар сарын 8-нд Олон улсын хүмүүнлэгийн өдөр тохионо. Энэ өдрийг манай улс албан ёсоор хоёр дахь жилдээ тэмдэглэж байгаа ажээ. Тиймээс Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандовжтой уулзаж энэ өдрийг угтаж хийх ажлууд болон хүмүүнлэгийн байгууллагын талаар ярилцлаа. МУЗН нь 1939 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд 72 мянган гишүүдтэй үүнээс 15 мянган мэргэшсэн сайн дурын гишүүд байдаг байна.

-Ирэх сарын 8-нд Олон улсын улаан загалмайн өдөр тохионо. Танай байгууллагын зүгээс ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-Олон улсын улаан загалмайн өдөр гэж тэмдэглэдэг энэ өдөр бол Улаан загалмайн байгууллагыг үндэслэгч Швейцарийн иргэн Анри Дюнаны төрсөн өдөр юм. Манай улс хоёр жилийн өмнө Засгийн газар тогтоол гаргаад энэ өдрийг "Монголын хүмүүнлэгийн өдөр" болгон тэмдэглэж байгаа. Энэ бол МУЗН, Засгийн газар хоёрын хамтын ажиллагааны хүрээнд хийж буй ажлын нэг. Ер нь Монгол Улсын Үндсэн хуулийн титэм болсон "Монголд хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулна" гэсэн заалт байдаг. Бид ардчилсан нийгмээ хөгжүүлээд дэлхийтэй хөл зэрэгцэх гээд явж л байна. Харин хүмүүнлэг нийгэм бүтээж чадаж байна уу гэдэг бол өнөөдрийн хамгийн том асуудал. Хүмүүнлэг нийгмийг байгуулах ч ёстой. Сургууль, соёлын газрууд гэхэд л боловсролд нь хэт анхаараад хүмүүжлийн ажлыг орхигдуулдаг. Бид нар харин хүмүүнлэг байдлыг бага ч гэсэн хүмүүст хүргэхийн төлөө ажиллаж байна. Улаан загалмайн өдрийг угтаад юу хийх гэж байна гээд хүмүүс асуугаад байгаа юм. Ер нь бид ганц өдөрт зориулж ажил хийхээ хэзээ болих юм. Хийх ёстой ажлуудаа хийж явж байгаад л тэр тэмдэглэлт өдрөөрөө хийсэн ажлынхаа үр дүнг танилцуулдаг ийм зарчим руу шилжвэл их зүгээр юм. Улаан загалмайн өдрийг орон даяар тэмдэглэнэ. Гагцхүү бид гишүүд дэмжигчид, сайн дурынхан, ард түмэндээ хийсэн ажлуудаа тайлагнана, хийх ажлуудаа танилцуулна. Мөн хүмүүнлэгийн үйлст хичээж зүтгэсэн, амжилт гаргасан хүмүүсийг алдаршуулж, олонд сурталчилах ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа.

-Улаан загалмай гэхээр л хүмүүст хандив тусламж өгдөг байгууллага гэж ойлгодог?

-Хүмүүсийн зарим нь төрийн байгууллага, эсвэл төрийн бус байгууллага бүр хандив тусламж өгдөг л байгууллага гээд янз бүрээр ойлгож ярьдаг. Улаан загалмайн байгууллага бол олон улсын Женевийн конвенцийн дагуу дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөн, олныг хамарсан их хэмжээний халдварт өвчин, байгалийн онц аюултай гамшиг зэрэг онцгой нөхцөлд төрдөө нэмэлт хүч болж ажиллана гэсэн зорилготой байгууллага. Тэгэхээр бид буяны байгууллага биш, хүмүүнлэгийн байгууллага юм. Олон улсын хөдөлгөөн нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн конвенцээр зохицуулагддаг дэлхийн цорын ганц байгууллага. Тухайн улсын Улаан загалмайн нийгэмлэгээ Засгийн газар нь дэмжиж, санхүүгийн тусламж үзүүлж ажилладаг зарчимтай. Ардчилсан нийгмийн хамгийн сайн Засгийн газар бол цомхон мөртлөө чадварлаг багтай байх ёстой гэж ярьдаг. Харин ийм болохын тулд Улаан загалмайн нийгэмлэг мэтийн байгууллагуудаар дамжуулж ажил үйлчилгээгээ хямд зардалаар түргэн шуурхай мэргэжлийн өндөр түвшинд хүргэж байх шаардлагатай юм билээ. Тиймээс бид үе, үеийн Засгийн газартай хамтарч ажиллахаар саналаа хүргүүлээд хүлээгээд л байдаг юм.
 
-Засгийн газрын зүгээс санхүүгийн дэмжлэг хэр байдаг вэ?

-Дэлхий даяар 188 үндэсний нийгэмлэг байгаа. Энэ бүгд Засгийн газраасаа тодорхой хэмжээний дэмжлэг санхүүжилт авч ажилладаг. Мөн ихэнх нь дэргэдээ тухайн улсынхаа цусны албыг авсан байдаг. Харин манайх болохоор цусны төв нь Эрүүл мэндийн яамны харьяа мэргэжлийн байгууллага гээд байж байдаг. Магадгүй дэлхий дээр Засгийн газраасаа шууд дэмжлэг авч чадахгүй байгаа нийгэмлэг бол манайх л байгаа байх. Женевийн конвенцид болохоор Засгийн газар нь дэмжлэг үзүүлнэ гэж зааснаас гадна тухайн улсын хуульд өөрөөр заасан байвал олон улсын журамдаа яаж заасан байна түүнийг загаж мөрдөнө гэсэн байдаг юм. Тиймээс Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар бид олон жил хөөцөлдөж байгаа. Одоогоор Засгийн газарт хүргүүлчихээд хүлээгээд байж байна. Учир нь 2000 онд батлагдсан уг хуульд тодорхойгүй, ойлгомжгүй заалтууд их бий.

-Улаан загалмай нийгэмлэг бүх аймаг, сумдад хүрч ажиллаж чадаж байгаа юу?

-Ер нь Улаан загалмай бол сайн дурын хөдөлгөөн. Аль нэг газар Улаан загалмайг хүчээр зохион байгуулж болохгүй. Үүсгэл санаачлага нь сайн байгаад, олон нийт идэвхитэй байгаа газруудад Улаан загалмайн ажил илүү сайн явагддаг. Манайх одоогоор дунд шатны орон тооны 33 хороотой. Нэг, хоёр аймаг бол бараг байхгүйтэй адилхан л байдаг юм. Гэхдээ төрийн гурван өндөрлөгтэй 1998 онд Улаан загалмай тохирсон аман хэлэлцээр бидэнд байдаг. Энэ нь бүх шатны иргэдийн хурлын дарга нар Улаан загалмайн бүх шатны хороодын тэргүүнээр сонгогддог болгосон юм. Энэ бол их том дэмжлэг шүү дээ. Тиймээс ер нь бол эх орныхоо бүхий л газарт хүрч ажиллаж чадаж л байна.

-МУЗН-ийн ерөнхийлөгч нь онц их хурлаа зарлан хуралдуулна гэсэн мэдээллийг нэгэн сонинд өгсөн байсан. Энэ талаар?

-Онц их хурал гэх нь ч хаашаа юм. Орон нутгийн төр засгийн байгууллагуудын дэмжлэгүүд өнөөдрийн байдлаар харилцан адилгүй байгаа. Санаачлага өндөртэй нь гайгүй. Мөн хуульд өөрчлөлт оруулалгүй нилээд удаж байна гэх мэт олон асуудал бий. Эдгээр асуудлуудыг шийдэхийн тулд их хурлыг хугацааны өмнө хийвэл яасан юм гэсэн санал маягтай зүйлүүд гарч байгаа. Тэрэнгүй их хурлаа хийнэ гээд шийдчихсэн юм бол байхгүй байна. Манай ээлжит их хурал чинь ирэх онд 75 жилийн ойгоороо болох ёстой.

-Нэг юм сонирхож асуумаар байна л даа. Улаан загалмай бол улс төрөөс ангид байх ёстой. Харин манайд улс төрчдийн нөлөөлөл орох, ингэхийг санаархах нь хэр байдаг вэ?

-Монгол даяараа улс төржиж байгаа хандлага байгаа. Харин Улаан загалмай бол улс төржиж болохгүй, улс төрөөс шууд ангид байх ёстой. Манай хүмүүнлэгийн байгууллага чинь цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлүүлээд улс төрийнхөн хүртэл янз бүрийн гишүүдтэй. Ямар ч байсан одоогоор иймэрхүү оролдлого гараагүй л байна.   

Т.ДАРХАН

0 comments:

Post a Comment