-Саяхан Засгийн газрын хуралдаанаас "Алтанбулаг - Улаанбаатар - Замын-Үүд" чиглэлийн хурдны авто зам барих талаар шийдвэр гаргасан. Харин хүмүүст энэ төслийн талаар ойлголт арай бага байх шиг...
-Монгол Улсын Засгийн Газар "Алтанбулаг - Улаанбаатар - Замын-Үүд" чиглэлд олон улсын стандартад нийцсэн 1000 км хурдны авто зам барих олон улсын уралдаант шалгаруулалт зарлаж, дэлхийн олон орны нэр хүндтэй компаниуд өрсөлдсөн. Үүнд манай "Чингис Лэнд Девелопмент Групп" олон улсын түншлэл байгуулан оролцож, шалгарсан юм. Энэ төслийг концессын гэрээний Барих-Ашиглах-Шилжүүлэх нөхцлөөрхэрэгжүүлнэ. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон Далайн Нийгэм Эдийн Засгийн Комисс (UNESCAP)-оос санаачилсан Азийн авто замын нэгдсэн сүлжээг бий болгох засгийн газар хоорондын гэрээнд Монгол Улс 2004 онд нэгдэн орсон. Үүний дагуу Монгол Улсын Засгийн Газар "Алтанбулаг- Улаанбаатар-Замын-Үүд" чиглэлд хурдны авто зам барих төслийг мөрийн хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Энэ том төслийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
-Тийм ээ, энэ төсөл үнэхээр олон улсын хэмжээний мега төсөл мөн. Тиймээс энэ төсөлд үндэсний болон олон улсын мэргэжлийн олон компаниудыг татан оролцуулахаар төлөвлөж байгаа. Бид энэ хурдны авто замыг хоёр жил хагасын хугацаанд олон улсын стандартын дагуу, орчин үеийн техник, технологи ашиглан чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Үүнд гадаад дотоодын 100 гаруй аж ахуйн нэгж оролцоно. Монголын залуучууд энэ том бүтээн байгуулалтанд манлайлагч болон оролцох сайхан боломж бий болж байгаа. Бид бүтээн байгуулалтын ажилд оролцох залуучуудыг мэргэжлийн сургалтанд тогтмол хамруулж өндөр цалинтай ажлын байраар хангана. Бидний тооцоогоор энэ бүтээн байгуулалтанд Монголын 30 000 гаруй иргэд шууд болон шууд бус байдлаар хамрагдаж ажлын байраар хангагдана.
-Төслийн санхүүжилтийн талаар мэдээлэл өгнө үү?
Төслийн санхүүжилтэд ойролцоогоор 5 тэрбум ам.доллар шаардагдана гэж тооцоолж байгаа. Нийт санхүүжилтийн 30 хувийг манай "Чингис инвестмент групп" гаргахаар болсон. Үлдсэн 70 хувийн санхүүжилтийн тодорхой хэсгийг манай олон улсын түншлэлд багтсан зам барилгын компаниуд, бусад хэсгийг дотоод, гадаадын банк, санхүү, хөрөнгө оруулалтын сангуудаас татан төвлөрүүлэхээр манай олон улсын санхүүгийнзөвлөх Английн "StormHarbour Securities" компани ажиллаж байна.
-Монголчуудын бас нэг яс асуух гээд байдаг зангаар асуух гээд байна даа, яг хэзээ замаа бариад эхлэх вэ, мөд бүтэх үү гэж... Өөрөөр хэлбэл, яг бүтээн байгуулалтын, газар шорооны ажил хэзээ эхлэх вэ?
-Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд концессын гэрээний нөхцлөөр хэлэлцээ хийх ажлын хэсэг байгуулагдлаа. "Чингис лэнд девелопмент групп" нь төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах олон улсын зөвлөх компаниудтай гэрээ байгуулах ажлыг үндсэнд нь дуусгалаа. Концессийн гэрээ байгуулах, төслийн хэрэгжилтийн үе шатанд Олон улсын нэр хүнд бүхий техникийн, санхүүгийн, хуулийн, аудитын, даатгалын зөвлөх компаниудтай бид хамтран ажиллана. Үүний зэрэгцээ дотоодын зөвлөх буюу замын инженер, хайгуул, зураг төслийн компани, геодези, геологи, гидрогеологийн мэргэжлийн компаниудтай хамтран трассын судалгаа хийж урьдчилсан Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан. Одоогоор замын трассын хэд хэдэн хувилбарыг гарган Эдийн засгийн хөгжлийн яам, Зам, Тээврийн яаманд танилцуулахаар бэлтгэж байна. Энэ тавдугаар сарын эхээр трассын дагууд нарийвчилсан хайгуул судалгаа, хэмжилтийн ажлыг мэргэжлийн компаниудтай хамтран эхлүүлэх бөгөөд карьеруудын байршлыг эцэслэн тогтоох, зам барилгын үйлдвэрлэлийн талбайг бэлтгэх, трассыг тэгшлэх зэрэг ажлууд хийгдэж эхлэнэ.
-Энэ төслийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлын талаарта товч дурдана уу?
-Энэ төслийг зөвхөн авто зам барих төсөл гэж ойлгож болохгүй. Хурдны замын бүтээн байгуулалтын хүрээнд замын дагууд орчин үеийн шинэ хот суурингууд үүсч, олон улсын жишигт хүрсэн үйлдвэрлэл үйлчилгээний газрууд олноор байгуулагдана. Сүүлийн жилүүдэд ОХУ, БНХАУ-н худалдаа эдийн засгийн харилцаа жилээс жилд өргөжсөөр байгаа. Манай хоёр хөршийн худалдааны нийт эргэлт 2012 онд 88.9 тэрбум америк долларт хүрсэн бол 2015 онд 100тэрбум, 2020 онд 200 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа нь Монгол улсаар дамжин өнгөрөх транзит тээврийг нэмэгдүүлэх нэг нөхцлийг бүрдүүлнэ. Үүний зэрэгцээ Европын орнуудаас Азийн зах зээлд, эдийн засгийн эрчимтэй хөгжил бүхий Азийн орнуудаас ОХУ болон Европын орнуудын зах зээлд нийлүүлэх бараа бүтээгдэхүүн, техник технологийн хэрэгцээ улам өсөн нэмэгдэж байгаа нь энэ замын ач холбогдлыг өндөрсгөж байна. Өнөөгийн байдлаар Бээжингээс Москва хүртэл төмөр замаар ачаа тээвэрлэхэд 20 хоног, Бээжингээс Бонн хүртэл ачаа тээвэрлэхэд 30 хоног зарцуулдаг. "Алтанбулаг - Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн хурдны авто замыг барьж байгуулснаар дээрх хугацааг 7-10 хоног хүртэл богиносгох боломжтой. Хурдны авто зам барих энэ томоохон бүтээн байгуулалтын төслийг олон улсын туршлагатай гүйцэтгэгч компаниудтай хамтран хэрэгжүүлж, зам барилгын ажилд олон улсын стандарт, техник, технологийг нэвтрүүлснээр манай улсын зам барилгын үйлдвэрлэл цоо шинэ шатанд гарна.Энэ төслийн бас нэг онцлог бол Монголын үндэсний аж ахуйн нэгж болох манай "Чингис Лэнд Девелопмент Групп" энэхүү олон улсын хэмжээнд томоохонд тооцогдох мега төсөлд олон улсын хөрөнгө оруулагчид болон гүйцэтгэгч компаниудыг зангидан, төслийг удирдан зохион байгуулан ажиллаж байгаа явдал юм.
-Баярлалаа. Улс орны төдийгүй бүс нутгийн хэмжээнд асар том бүтээн байгуулалтын төсөл эхлүүлж байгаа та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье!
-Баярлалаа.
А.ТУЯА
0 comments:
Post a Comment