Friday, April 26, 2013

Нөөцийн махыг гулуузаар худалдаална

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 27, 28-нд хотын захын гэр хорооллын долоон цэгээр дамжуулж нөөцийн махыг гулуузаар нь худалдаалах юм. Энэ талаар нөөцийн махыг бэлтгэн нийлүүлж буй "Жаст Агро" компанийн менежер н.Түвшинбаатараас тодрууллаа.

-Нөөцийн махыг гулуузаар нь худалдаалах гэж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Энэ амралтын өдрүүдэд нөөцийн махыг буюу хонь, ямааны махыг гулуузаар нь, үхрийн махыг жижиглэнгээр худалдаална. Ингэхдээ замын хөдөлгөөний хязгаарлалт үйлчилдэггүй, хотын захын гэр хорооллын иргэдэд хүргэнэ.

-Худалдаалах цэгүүдийг танилцуулахгүй юү?

-Хан-Уул дүүрэгт Яармаг, Нисэхийн автобусны эцсийн буудал, Сонгинохайрхан дүүрэгт Толгойт, Баянхошууны автобусны эцсийн буудал, Чингэлтэй дүүрэгт 7 буудлын эцсийн буудал, Баянзүрх дүүрэгт Шархадны эцсийн буудал болон Амгалан дахь Оргил худалдааны төвийн гадна талбайд тус тус зохион байгуулна. Худалдаа 10.00-17.00 цагийн хооронд үргэлжилнэ.

-Өмнө нь өртгөтгөсөн худалдаа зохион байгуулахад 12.00 цаг гэхэд бүх цэгүүдэд мах дууссан байсан. Энэ удаа хир хэмжээний мах худалдаалах вэ?

-Өмнө нь тийм явдал тохиолдсон. Энэ удаад тэр алдааг давтахгүйн тулд махны нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн.

-Гулуузаар нь авбал махны үнэ хямдрах уу?

-Хонины махыг жижиглэнгээр 5750 төгрөгөөр худалдаалж байгаа. Харин гулуузаар нь 5500 төгрөгөөр худалдаална. Ямааны махыг гулуузаар нь 4600 төгрөгөөр борлуулахаар болсон.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment