Friday, April 5, 2013

БНСУ-ын иргэдийг албадан гаргав

БНСУ-ын Чежү арлыг зорьсон Монголын долоон иргэн хилийн шалган нэвтрүүлэх дээр саатуулагдаад байгаа тухай өчигдөр мэдээлэгдсэн билээ. Энэ сарын 02-нд тус улсыг зорьсон тэдгээр иргэд Өмнөд Солонгосын албаныхан саатуулснаас хойш гурав хоног өнгөрч байна. Энэ хугацаанд тэдгээр иргэдэд хоол унд өгөлгүй, агааржуулалтгүй, бохир өрөөнд хорьж байгаа талаар гэр бүлийнхэн нь мэдээлсэн байна.

Тэднийг саатуулсан шалтгаанаа Чежү арлын шалган нэвтрүүлэх газрын зүгээс "Тус улсад орох эрх нь хязгаарлагдсан, аяллын зорилго нь тодорхойгүй байсан тул хилээр оруулаагүй" хэмээн тайлбарлажээ. Дээрх иргэд "Женко тур" аялал жуулчлалын компанийн шугамаар зорчиж байсан байна. БНСУ-ны хязгаарлагдмал бүсэд аяллаар шугамаар зорчиж байсан Монгол Улсын иргэдийн эрхийг зөрчсөн энэ үйлдлийнх нь хариуд гадаадын иргэн, хаярьяатын асуудал эрхэлсэн Монгол Улсын Засгийн газрын харьяа агентлагаас хариу арга хэмжээ авч, Монгол Улсад зорчихоор ирсэн БНСУ-ын долоон иргэнийг өчигдөр албадан гаргажээ. Ингэхдээ БНСУ-ын хилийн албаныхны тавьсанчлан "Аяллын зорилго тодорхойгүй" гэдэг үндэслэлийг тавьсан байна.

Хэдийгээр Монголын иргэд амьдралаа дээшлүүлэхийн төлөө Өмнөд Солонгосыг зорьж, цалин багатай хар ажил хийдэг нь үнэн ч аялал жуулчлалын бүсэд визгүй зорчиж байсан Монголын иргэдийг Өмнөд Солонгосын албаныхан ийнхүү гадуурхсан нь Монгол Улсыг басамжилсан хэрэг гэж үзэхээс өөр аргагүй. Тиймээс Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн Монгол Улсын төрийн байгууллагаас Өмнөд Солонгосын талд эхний сануулгыг өгсөн байна.

Б.ЗАЯА

0 comments:

Post a Comment