Монгол Улс АНУ-ын Худалдааны яамтай зам, тээврийн салбарт хэд хэдэн үндсэн чиглэлээр хамтын ажиллаж байна. 2011 оны зургадугаар сарын 20-нд талууд МИАТ компанийн нислэгийн болон техникийн чадавхийг дээшлүүлэх, бэхжүүлэх тал дээр Техникийн туслалцааны санамж бичгийг байгуулсан байдаг. Санамж бичгийн хүрээнд АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг нисэхийн салбарын зөвлөхийг сонгон шалгаруулж, МИАТ-тэй гэрээ байгуулах замаар хамтран ажиллах юм байна.
Мөн Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу МИАТ компанийн нислэгийн чадавхи, хүчин чадлыг нэмэгдүүлэх байдлаар Монгол руу чиглэх агаарын замын зорчих хөдөлгөөнийг идэвхижүүлэх, улмаар аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой гарцыг талууд хараад байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд АНУ-д хийсэн айлчлалын үеэр МИАТ компанид шинэ онгоц худалдан авах тухай гэрээг "Боинг" компанитай байгуулжээ. Энэ асуудал АНУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдаа хариуцсан дэд сайд ноён Франческо Санчез тэргүүтэй төлөөлөл Зам, тээврийн сайд А.Гансүх нарын уулзалтаар хөндөгдлөө. Гэрээ ёсоор "Боинг" компани Монголын захиалсан "Боинг 767-300 ER" онгоцыг ирэх сард нийлүүлэх ажээ. Уг онгоцыг худалдан авах хөрөнгийг бондын хөрөнгөөс гаргах саналыг Зам тээврийн яамнаас Засгийн газарт тавиад байна.
"Боинг 767-300 ER" онгоцыг алсын зайн нислэгт ашиглах юм. Үүнээс гадна Монгол Улс "Боинг 767-800" загварын хоёр онгоцыг 2016 оны нэг ба хоёрдугаар улиралд багтаан авах ажээ.
Ш.ЧИМЭГ
0 comments:
Post a Comment