Засгийн газраас "Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр"-ийн суралцагчдад сар бүр 120,000 төгрөгний тэтгэмж, ажлын хувцас олгож байгаагаас гадна Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаа аж. Улсын хэмжээнд нийслэл, хөдөө орон нутгийн нийлсэн 80 орчим МСҮТ байдгаас 40 орчимд нь л эхний ээлжинд төгссөн 4827 суралцагч сурчээ. Тэгэхээр суралцах орчин нөхцөл хангалттай байгааг ашиглан олон мэргэжилтэнг сургах боломж байгааг хэлж буй. "Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр"-ийн хоёрдугаар ээлжийн бүртгэл гуравдугаар сард дууссан бөгөөд 7283 иргэн бүртгүүлснээс 1968 иргэн ажил олгогчтой гэрээ байгуулан хичээлдээ ороход бэлэн болсон байна.
Монгол улс уул уурхайн томоохон орд газруудыг нээн илрүүлж баялагийг олборлож байна. Эдгээр уул уурхайн компаниудыг тойроод ажлын байр нэмэгдэж байгаа энэ үед тус салбарт мэргэжилтэй ажилтан хамгийн их хэрэгцээтэй болж байна. Мөн энэ онд бүтээн байгуулалтын ажлууд ихээр хийгдэж, зургаан аймгийг Улаанбаатар хоттой холбох автозамын ажил, орон сууцжуулах хөтөлбөрийн ажил хийгдэнэ. Түүнийгээ дагаад сайн артамурчин, сайн өрлөгчин, сайн автозам барих мэргэжилтэн хэрэгтэй. Тиймээс та ажил хайж байгаа бол хөдөлмөрийн төв биржид бүртгүүлж "Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр"-т хамрагдаж цалинтай суралцан мэргэжилтэй болох боломж иргэн бүрийн өмнө нээлттэй болжээ.
М.НАРАН
0 comments:
Post a Comment