Сургууль, цэцэрлэг барихад 1.7 гаруй их наяд төгрөг хэрэгтэй

Улсын хэмжээнд баригдаад удсан, нураах шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй 51 цэцэрлэг, 27 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнд одоогийн байдлаар 81,650 хүүхэд сурч, хүмүүжиж байгаа тухай албаныхан мэдээллэв. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирэх жилүүдэд 443 цэцэрлэг шинээр барьж, ашиглалтын хугацаа хэтэрсэн 210 цэцэрлэгийг шинэчилнэ гэсэн зорилго тавьсан ч санхүүжилтгүйн улмаас нэгийг ч барьж, шинэчлээгүй ажээ. Энэ талаар салбарын яамны холбогдох мэргэжилтнээс тодруулахад "судалгааны дагуу шинээр барих болон шинэчилж сайжруулах 653 цэцэрлэг, 342 сургуульд нийт нэг их наяд 700 тэрбум төгрөг шаардлагатай. Эдийн засгийн хөгжлийн яам сургууль цэцэрлэг шинээр барих асуудлыг нарийвчилж судална гээд гурван сар хүлээлгэж байна." гэсэн хариу өгсөн юм.
Сануулахад, өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Баянзүрх дүүргийн 59-р цэцэрлэгийн хана, тааз нурж улмаар үйл ажиллагааг нь түр зогсоожээ. Уг цэцэрлэг 1968 онд анх 100 хүүхдийн хүчин чадалтай ашиглалтад орсноос хойш нэг удаа буюу 2007 онд 10 сая төгрөгийн засвар хийж байсан бөгөөд өнөөдөр 170 гаруй хүүхэд хүмүүжиж байгаа ажээ. Ийнхүү нурахад ойрхон байгаа сургууль, цэцэрлэгүүдийг хүүхдийн аюулгүй байдлыг бодолцон яаралтай засварлах, эсвэл шинээр барих хэрэгтэйг эцэг эхчүүд учирлаж байна.
У.БОЛОР
0 comments:
Post a Comment