Thursday, March 7, 2013

Ширхэгээр байхгүй, хайрцгаараа бол байна шүү

Ширхэгээр байхгүй, хайрцгаараа бол байна шүү

Тамхины хяналтын тухай хууль  хэрэгжиж эхлээд дөрвөн хоног өнгөрлөө. Гэрээсээ гараад автобусанд суугаад ажил дээрээ ирэх зуур тамхитай холбоотой иргэдийн яриа сонсогдож байсан. Хэрэгжиж эхлээд удаагүй байгаа уг хууль хэр мөрдөгдөж байгааг сурвалжлахаар хотын төвийн нэлээд олон газраар явлаа.  Мэдээж гол зорилгоо хэрэгжүүлэхээр тамхи татаж буй иргэн хаана байна тэнд очиж ажиглалтаа үргэлжлүүлсэн юм. Хамгийн эхэнд "Тэнгис" кино театрын ойролцоо хүн их цугларсан газар очлоо. Тамхи барьсан, зуусан хүн хаа очиж харагдсангүй. Харин хажууханд нь байрлах "Улаанбаатар Эрдэм-Оюу" их сургуулийн урд хэсгийг ажиглахад тамхины иш нэг ширхэгч харагдсангүй. Хойхно талд нь очтол оюутнууд үүрэндээ цугларсан болжмор шиг бөөгнөрөн тамхи татаж байв. Голцуу эрэгтэй оюутнууд байсан юм. Мэдээж тамхи татаж байгаа тохиолдолд хаанаас авсан эсэх нь сонирхол татан ойр хавьд байрлах хүнсний дэлгүүр, "тҮц"-ийг хайж гарлаа. Тус сургуулийн хойхно талд жижигхэн хүнсний дэлгүүр байлаа. Ороод өөрөө авах гэж буй мэт "Тамхи байна уу, эгчээ" гээд сэмхэн асуутал ер халгаах янзгүй. Харин ч өөдөөс уцаарлаж залхсан шинжтэй "Тамхины хууль гарчихаад байхад мэддэггүй юм уу, байхгүй" хэмээн тас загналаа. Уг хуулийг хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш тамхи асууж буй хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн гэнэ. Уг хууль сайн хэрэгжиж буй мэт сэтгэгдэл төрсөн юм. Ингээд "Тэнгис" кино театрын хажууханд байрлах "ТҮЦ"-ээс тамхи асуутал ширхэгээр биш харин хайрцгаар нь зарж байв. Өнөөх "тҮц" нь сургууль болон үзвэр үйлчилгээний газраас 500 метрийн зайд байтугай 200 метр ч хүрэхгүй газар худалдаалж байсан юм. Өмнөх хуульд зааснаар бол тамхи татахыг хориглосон тоотой хэдэн газар байсан. Гэтэл шинэ хуулиар тамхи татахыг бараг бүрмөсөн хориглочихсон. Бараг гэдэг нь тамхи татах зөвшөөрөлтэй газраа хууль, хяналтын байгууллагынхан зааж өгөөгүйд оршиж байгаа  юм. Уг нь ард түмнийхээ эрүүл мэндэд анхаарсан зөв хууль хэдий ч иргэдийн санал хүсэлтийн дагуу батлах ёстой байсан юм болов уу гэж бодогдлоо.

ТАМХИНЫ ЭСРЭГ ХУУЛЬ ХЭРЭГЖИХЭЭР БҮГД ТАМХИНААС ГАРНА ГЭСЭН ҮГ БИШ

Сүхбаатар дүүрэгт байрлах иргэдийн хэлж сурснаар Дөлгөөн нуурын ойролцоох хүнсний дэлгүүрийн худалдагчтай цөөн хором ярилцсан юм.


-Танай дэлгүүр тамхи худалдаалж байгаа юу?

-Үгүй ээ. Манай дэлгүүрийн ард арван жилийн сургууль бий шүү дээ. Олсон хэдэн төгрөгөө тэгж торгуулахгүй шүү.

-Урьд нь тамхинаас хэчнээн төгрөгний ашиг олж байсан бэ?

-Их олдог байсан гэж хэлэхгүй ч бусад бараа бүтээгдэхүүнтэй жишэхэд дажгүй ашиг өгдөг байсан.

-Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш орлого хэр байна вэ?

-Шальтай мэдэгдэх зүйл байхгүй байна. Миний бодлоор энэ хууль хүмүүсийг тамхи татахад улам их нөлөөлж байгаа. Залуучууд ялангуяа ширхэгээр авч өдөрт бага хэмжээгээр татдаг байсан бол энэ хуулиас болоод бүтэн хайрцаг тамхи авдаг болсон гэсэн. Мэдээж өөрт нь бүтэн хайрцаг тамхи байгаа тохиолдолд байгаагийн зоргоор татна гэсэн үг. Хууль гаргачихаар бүгд тамхинаас гарна гэсэн үг биш шүү дээ.

-Энэ хуультай хэр санал нийлж байна вэ?

-Зөв хууль гэхдээ бага зэрэг өөрчлөлт оруулсан нь дээр байх. Архины журам шиг насанд хүрээгүй хүнд худалдаалахыг хориглочиход болно шүү дээ. Заавал бүх нийтээр нь хориглох шаардлагагүй. Тамхи худалдаалахыг хориглоно гэдэг чинь иргэдийн худалдан авах эрхийг хааж байгаатай ялгаагүй. Саяхан манай дэлгүүрээд төрийн бус байгууллагаас залгасан. Нэрийг нь сайн санахгүй байна. Өчигдөр залгасан юм. Жижиг хэмжэээний дэлгүүрүүд нэгдэж гарын үсэг цуглуулж тамхины тухай хуулинд  өөрчлөлт оруулахаар саналаа нэгтгэх юм гэсэн. Дараа нь эрх мэдэл бүхий хууль хяналтын байгууллагуудад хүргүүлэх юм гэнэ. Би ч бас нэгдэх хүсэлтэй байгаа.

Үүний дараа МУБИС-ийн эргэн тойронд ажиглалт хийлээ. Уг сургуулийн баруун талд автобусны буудал байдгийг хүн болгон мэднэ. Энэ буудал дээр ширхэгийн тамхи, бохь зарж мөн жин үздэг настай хүмүүс хэд хэдээрээ гадаа суудаг. Тэд өдрийн хоолны мөнгөө олохоор өвөл, зунгүй гадаа наймаа хийдэг билээ. Орлого ч нэлээд олдог байх. Олон оюутнуудаар хүрээлүүлсэн хойно энэ газраасаа явахыг ч хүсдэггүй биз. Харин уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш ганц хоёрхон наймаачин сууж байлаа. Нүхэн гарцны ойролцоо нэг эмээ урдаа баахан кофе, бохь, цай, салфетка тавьсан харагдсан. Эмээгээс хэдэн зүйл шалгаалаа.

-Тамхи байна уу эмээ?

-Чимээгүй аяар хүү минь. Parlament, Esse хоёроос өөр тамхи байхгүй. Хэдийг авах уу.

-Та баригдахаас айхгүй байна уу. Хэрвээ баригдвал 50 мянга гэсэн. Мэдсэн биз дээ та?

-Эмээ нь баригдахгүй ээ. Тамхи татахыг хүссэн хүмүүс л асууж ирж авдаг болохоор гайгүй. Цаанаас чинь цагдаа ирж байна түр байж бай.

МУБИС-ийн ард очиход оюутнууд тамхийг ч ёстой баагуулж байгаа харагдсан. Энэ мэтчлэн хууль хэрэгжилт талаар болж байх шиг. Замд таарсан дэлгүүр болгон руу орж өнөөхөө асуухад ихэнхи нь "байхгүй" гэсэн болов ч энэ үгний цаана байгаа гэдэг үг давхар явдаг юм билээ шүү. Танил эгчийнхээ ажлуулдаг ресторан паабд очлоо. Цайны цагаар тэдний хоолыг идэх гэж ирсэн хүмүүс их байдаг юм. Гэхдээ дандаа ажилтан албан хаагчид байдаг. Намайг очих үед нэлээд хэдэн хүн сууж байсан.

Зарим нь тамхи үнэртэхгүй ямар сайхан байна гэхэд зарим нь тамхи хаана татаж болох вэ гээд л хуулиа мөрдөх ажиллагаанд идэвхтэй оролцож байсан. Бүтэн өдрийн ажиглалтын туршид хээвнэг тамхи татаад явж байгаа иргэн цөөнгүй харагдсан. Уг нь хуулийн хэрэгжилтэд Засаг дарга, цагдаагийн албан хаагч, мэргэжлийн хяналтын болон олон нийтийн байгууллагын албан тушаалтан, СӨХ хяналт тавина гэсэн байсан. Тамхи татаж буй хэсэг байхад хуулиа мөрдөж буй бас нэг хэсэг хүмүүс байна. Үнэхээр л хянах гэсэн юм бол өнөөх хянан ажиглах хэсэг хаана байна вэ гэдэг асуудал гарч байгаа юм. Энэ мэтчлэн өнгөрсөн баасан гаригаас хойш тамхины тухай яриа хаа явсан газар дагасаар байлаа. Манай нэг танил маань тамхи татдаг юм л даа. Сонсох нээ найз нь тамхиа багасгасан. Гэхдээ татаад удсан болохоор шууд гарах хэцүү юм. Машин, гэрээсээ салахаа байсан гэлээ. "Баянзүрх" захын хойно байрлах "Оргил" худалдааны төвийн үүдэнд нэлээн настай байрын өвөө тамхи татаад сууж байсан юм. Хажууд нь очоод та ингэж ил тамхи татаж болж байгаа юм уу өвөө. Торгуулвал яана гэтэл "Золигийн хууль" миний тамхинаас гарах, тамхины хууль хэрэгжих хоёр худлаа болно хүү минь гэсэн юм. Ямартай ч гадуур тамхи худалдаалж байгаа газар байхад түүнийг авч татаж байгаа нь бий юм байна гэдгийг мэдэж авлаа.

ТАМХИ ТАТАХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЦЭГ БАЙГУУЛАХГҮЙ БОЛ ЭНЭ ХУУЛЬ ТАЛААР БОЛНО ГЭВ


Харин одоо энэ хуулийн талаарх залуусын үзэл бодлыг жаахан тандсан юм. Залуус ихэвчлэн үзэл бодлоо өөрийн Facebook хуудас болон Twitter-тээ чөлөөтэй илэрхийлдэг болсон. Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл залуус үзэл бодлоо илэрхийлсээр байгаа. Үүнээс онцолбол, Иргэн У 21 настай эмэгтэй. Тэрээр өөрийн Facebook хуудсандаа "Ард түмэндээ тийм их хайртай юм бол тамхины талаар мал хууль гаргаж байхынхаа оронд жилд 3000 удаа үйлдэгддэг хүчингийн хэрэг, 500 удаа үйлдэгддэг үр хөндөлтийн эсрэг хууль шийтгэлээ чангатгаж, өөрчлөхөд яадаг байна" гэсэн байв. Харин жүжигчин Өөскөө өөрийнхөө Twitter хуудсандаа "Миний нэг найз тамхи татах цэг бариагүй байж хууль гаргалаа гээд надад уурлаад байх юмаа нэг цэг баричихгүй яасан юм болоо" гэв. Бас нэг сэтгэгдэл сонирхоход "Тамхины эсрэг хууль шигээ одоо гудамжинд шүлс цэрээ хаясан этгээдийг шийтгэдэг хууль хурдан гаргаад өгөөч. Тамхинаас илүү муухай зүйл байна" гэх мэт залуусын санал маш их байсан юм. Үнэндээ тэдний хэлж байгаа үнэний ортой. Хуулиндаа татаж болохгүй газрыг нь заагаад өгчихсөн байж болох газрыг нь яагаад заагаагүй юм бол. Тамхи татдаг хүмүүсийн дийлэнхи хувийг 18-25 насны залуучууд эзэлж байгаа гэсэн судалгаа байсан. Тэгвэл уг хуулийг батлахдаа залуусаас санал хүсэлтийг нь сонсож болох байсан байх. Тэдний санал сэтгэгдлийг харахад тамхи татах зөвшөөрөлтэй цэг байгуулахгүй бол энэ хууль талаар болно хэмээн үзэж байв. Ингээд уг хуулийн хэрэгжилт 100 хувь хяналтын дагуу байгаа гэвэл худлаа болсон нь энэхүү сурвалжлагаас тодорхой боллоо.
Ч.СУВДАА

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

0 comments:

Post a Comment