Үндэсний баяр наадмын тухай хуульд "Баяр наадмын хурдан морийг долоогоос дээш насны хvvхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна" гэсэн унаач хvvхдийн эрхийг хамгаалсан ганцхан заалт байдаг байх юм. 2011 онд байгуулагдсан "Хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбоо"-ноос унаач хүүхдийн насны доод хязгаарыг ес болгож, өвөл морь уралдуулсан эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох, үүнээс болж унаач хүүхэд мориноосоо унаж амь насаа алдвал 500 сая хүртэл төгрөгийн нөхөн олговор олгуулахыг хуульчлуулахаар Засгийн газарт шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариугаа аваагүй байна. Энэ байдлаар хурдан морь унаач хvvхдийн эрхийг хамгаална гэвэл бvр ч бvтэхгvй. Тиймээс Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж, хурдан морь унаач хvvхдийг эрvvл мэнд, амь насны эрсдлээс хамгаалах, тэдэнд ямар нэг байдлаар эрсдэл учирсан тохиолдолд холбогдох хvмvvст хариуцлага тооцож, хөдөлмөрийг нь vнэлэх жишиг тогтоох шаардлага зайлшгүй гарч ирж байгаа биз. Морин спорт, уяачдын холбоо уралдааны дvрэмдээ "хvvхэд сайн дураараа хурдан морь унана, хурдан морь унах хvvхдийн эцэг эхээс нь зөвшөөрөл авна. Унаач хvvхэд Хурдан морины комиссын тавьсан шаардлагыг биелvvлнэ" гэж оруулсан байх юм. Өөрөөр хэлбэл, эл дvрмээр хvvхдэд vvрэг оногдуулсан нь илт. Хэн нэгний бахыг хангахын төлөө энхрий бяцхан үрсээ хэдий болтол адгуусын хөлд алдах юм бэ? Өнгөрсөн 2012 онд гэхэд 326 хүүхэд мориноос унаж бэртсэнээс 179 нь эмнэлэгт хэвтэж, хоёр хүүхэд нас барсан гэсэн тоо баримт байгаа. Харин уралдаж байгаад үхсэн, бэртсэн морь байна уу. Байлаа гэхэд амь эрсдсэн хүүхдүүдийн тоонд хүрч чадахгүй л болов уу.
Өвөл, зуны бооцоот уралдаан, баячуудын тансаглалын золиос болсон хурдан морь унаач хүүхдүүд дөрөөндөө чирүүлэх, моринд өшиглүүлэх, тархины хүнд гэмтлийн улмаас цаг бусаар хорвоог орхиж, олныг цочроож байгаа хэн ч, юу ч хэлэхгүй нам гүм байх юм. Уралдаанд нь хэний морь тvрvvлж вэ гэж сонирхоход дандаа л УИХ-ын гишvvд, томоохон пvvс, компаниудын захирлын нэр л дуулддаг. Бvр хэдэн арван тэрбумаар хурдан моринд зориулж хөшөө сvндэрлvvлсэн нь ч бий. Гэтэл морийг нь унаж, хурдлуулсан хvvхдvvдийн хvч хөдөлмөрийг vнэлж, алдаршуулсан удаа байхгүй юмаа гэхэд, амь нас нь эрсдсэн хүүхдүүдийн араас эмгэнэн гашуудсан дүр зураг өнөөдөр лав харагдсангүй. Аливаа уралдааныг зохион байгуулахад Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой байдаг ч ихэнх уралдаан зөвшөөрөл аваагүй байдаг гэнэ. Нэгэнт зөвшөөрөл аваагүй бол тэр уралдаан хууль бус гэсэн үг. Хууль ёсны ч бай, хууль бус ч бай аливаа уралдаанд морь унаач хүүхдийн эрх ашгийг хүндэтгэж, зохих шаардлага хангасан байх учиртай. Уг нь хүүхдийн хувцас, хамгаалалт, гутал, эмээл, бүр морины хазаарт нь хүртэл стандарт тогтоож өгсөн байдаг ч дагаж мөрдөх нь ховор гэдгийг албаны хүн хэлж байна. Стандартын дагуу хувцас хэрэглэл өмсүүлээгүй иргэнийг 10-20 мянган төгрөг, аж ахуй нэгжийг 50-100 мянган төгрөгөөр торгодог гэх инээдтэй ч гэх юм уу, эмгэнэлтэй ч гэх юм уу дүрэм байдаг аж.
Ингэж уламжлалыг хавтгайруулсан "балмад" наадамд хязгаарлалт тавих цаг болсон биш гэж үү. Хүний амиар дэнчин тавиад хөөр баясал болох хурдан морины уралдаан бүх нийтийн баяр наадам байж чадахгүйгээс хойш үндэсний баяр наадмаараа л уралдуулвал яасан юм бэ? Хавтгайрсан баяр наадмыг "бизнес" болтол нь хэн хөгжүүлчих вэ? Толгой томтой тоотой хэдэн баячууд. Хэдэн хүмүүсийн зугаа цэнгэл болсон энэ их уралдаан наадам байх хэрэгтэй ч юм уу үгүй ч юм уу. Тэрний нэрэмжит уралдаан энэний нэрэмжит уралдаан гэж хөхөө өвлийн хүйтэнд ч уралдах энэ хурдан морины уралдаан хэн нэгний эрх ашгийн төлөө гэдэг нь тодорхой. Энэ бүхэнд хазаарлалт хийж улсынхаа баяр наадмаар л хурдан морио уралдуулдаг болъё.
Эх сурвалж: WWW.OLLOO.MN
0 comments:
Post a Comment