Friday, March 29, 2013

Бааварыг дур мэдэн тусгаарлах өрөөнд шилжүүлжээ

Бааварыг дур мэдэн тусгаарлах өрөөнд шилжүүлжээ

Цагдан хорих 461 дүгээр ангийн тусгаарлах өрөөнд саатуулагдаж байх үед биеийнх нь 35 хувь нь түлэгдээд байсан дуучин Ш.Батбаяр буюу Бааварын тухай мэдээлэл хэвлэлийнхний болон олны анхаарлын төвд байгаа. Баавар нь хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэрэгт сэжигтнээр татагдан, шүүхийг үл хүндэтгэн шүүх хуралд ирээгүй гэх үндэслэлээр саатуулагдаад байсан юм.

Ш.Батбаярыг ямар учраас түлэгдсэн, хэн хариуцлага алдсан талаар ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга П.Хосбаяраас тодрууллаа.

-Ямар учраас шүүгдэгч Ш.Батбаяр түлэгдсэн бэ?

-Гал гарсан шалтгааны талаар мэдээлэл өгөх боломжгүй. Гал чухам ямар учраас гарсан, шалтгаан нөхцөл, галыг унтраахаар хэрхэн ажилласан талаар үнэн бодит байдлыг тогтоохоор мэрэгжлийн болон хуулийн байгууллагууд ажиллаж байна. Гэхдээ хоригдогсдын аюулгүй байдлыг цаашид хангах үүднээс тус ангийн алба хаагчдад хариуцлага тооцсон.

-Ямар алба хаагчдад, яг ямар үндэслэлээр хариуцлага тооцсон бэ?

-Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга дарга, дэд хурандаа Ц.Очгэрэлийг сургалтад сууж байсан хэдий ч нөхцөл байдлыг биечлэн очиж үзээгүй, хяналт тавиагүй гэх үндэслэлээр үндсэн цалинг гурван сарын турш 20 хүртэлх хувиар бууруулсан. Мөн цагдан хорих ангийн дэд дарга Д.Өлзийбат, ахлах төлөөлөгч Э.Тамир нарыг гарсан хэрэгт зөв дүгнэлт хийгээгүй гэж ажлаас нь халсан.

-Бааварыг өөр өрөөнд дур мэдэн шилжүүлсэн гэж үнэн үү?

-Тийм, Хоригдогч Ш.Батбаярыг өөр өрөөнд дур мэдэн шилжүүлсэн, гав дөнгө хэрэглэсэн тухай тэмдэглэл хөтлөөгүй ээлжийн дарга, ахмад Х.Жигдэндан, дэслэгч Б.Бямбадорж нарыг ажлаас нь халж, шийтгэл оногдуулсан. 

-Биедээ асаагуур авч орсон гэх мэдээллийг өгч байсан?

-Хоригдогчийн бие, эд зүйлд үзлэг нэгжлэгийг чанаргүй хийсэн, хариуцлагагүй хандсан ахлах ахлагч Д.Батболдыг ажлаас нь халсан.

-Гал гарсан өдрийн бичлэг устсан, тэр үеийн бичлэгийг хийгээгүй гэж үнэн үү?

 
-Гал гарсан үеийн бичлэг байсан эсэхийг хэлэх боломжгүй, харин галыг хэрхэн шуурхай унтраасан камерийн бичлэг бол байгаа.  Харин теле камерийг ажиллаж байгаа эсэхийг хянаагүй холбоочин, оператор Б.Цэнд-Аюуш, дэд ахлагч Х.Охиноо нарыг ажлаас нь халах, сахилгын шийтгэл ногдуулаад байгаа.

-Хорих ангид гал гарч, Монгол улсын иргэн "боодог" болох дөхлөө. ШШГЕГ үүнд хариуцлага хүлээх үү?

-Манайхаас тус хорих ангид удаа дараа хариуцлагатай, хяналт сайтай ажиллах албан бичиг хүргүүлж байсан. Тухайн ангийн удирдлага, алба хаагчид хариуцлага алдсан.

-Энэ хариултаас харахад ШШГЕГ хариуцлагаас зугтаж байна гэж ойлгож болох уу?

-Хэрэв хуулийн байгууллага буруутай гэвэл би хариуцлага хүлээхэд бэлэн байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН

0 comments:

Post a Comment