Thursday, July 4, 2013

Газраа чөлөөлье?

Бие биедээ бурууг чихсээр суух уу?


Ирж яваа өвөл цагаас урьтаж нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ус-15" халаалтын зуухыг шинэчлэн 300 МВт хүчин чадалтай дулааны станц барьж, эхний хэсгийг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах ёстой ч газар чөлөөлөлтөөс болоод гацаанд оров. Улаанбаатар хотын хэмжээнд өнөө жил 35 мянган айлын орон сууц ашиглалтад орох ёстой, дээр нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг шинээр баригдаад байдаг, гэтэл дулааны эх үүсвэрээр хангах ёстой станц нь энэ өвлөөс урьтаж ашиглалтад орох хөг өнгөрч, "Газар чөлөөлөхгүй байна" гэх явган хэрүүлтэйгээр зуны сарыг авах нь ойлгомжтой болов.  Уг нь Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрээр бол станцын барилгын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлчихсэн өдийд ид дундаа орчихсан явж байх ёстой ч иймэрхүү дүр төрхтэй. Ажил яагаад урагшлахгүй байна вэ гэсэн асуултад асуудал хариуцсан Эрчим хүчний сайд М.Сономпил нь ус балгасан мэт таг дуугүй сууж байгаа бол хотын дарга Э.Бат-Үүл иргэд, аж ахуйн нэгжүүд газар чөлөөлөлтөд хойрго хандаж, асар их хэмжээний нөхөн төлбөр шаардаж байгааг  санууллаа. "Амгалан" дулааны станцыг барихын тулд тус газрын ойролцоо орших 85 өрх, аж ахуйн нэгж газраа чөлөөлөх ёстой. Гэтэл 20-иодхон өрх газраа чөлөөлөх  тохиролцоонд хүрсэн бол бусад 60 шахам иргэн, аж ахуйн нэгж хөдлөхгүй сууж байгаа аж. Зарим аж ахуйн нэгж нь зургаан тэрбум төгрөг нөхөн төлбөрт өгөхийг шаардсан гэнэ. Энэ тохиолдолд газрын нөхөн төлбөрт зориулж нэмж 52 тэрбум төгрөг гаргахаас аргагүй болно. Харин тэр их хэмжээний мөнгийг өгөх бололцоо хотод бас одоохондоо алга. Ингээд яривал газарт эзэн сууж буй иргэн, аж ахуйн нэгжид асуудал их байна гэж харагдах. Гэтэл оршин суугчдын яриагаар бол газрын нөхөн төлбөрт зориулж тэрбумаар нь мөнгө нэхэмжлээгүй. Харин ч хотынхон ирж уулзахгүй хэрнээ буруу бүхнийг оршин суугчдад тохож хэдэн тэрбумаар нь мөнгө нэхээд газраа чөлөөлөхгүй байна гэж ярьж буй нь үнэнд нийцэхгүй зүйл хэмээн хэллээ. Асуудал нь нэг боловч хоёр талаас өгч байгаа байр суурь ийн зөрүүтэй.  Ямар ч байсан голтой зүйл нь, дээрх иргэдийн хашааных нь газрыг чөлөөлүүлэхээр өнгөрсөн хавар холбогдох албаны хүмүүс оршин суугчидтай уулзаж газрыг 1 ам метрийг нь 13200 төгрөгөөр үнэлэх санал тавьжээ. Барилга байшин барьчихсан амьдарч байгаагийн хувьд дээрх үнэлгээгээр газраа өгөх нь эргүүлээд нөхөн төлбөрт авсан мөнгөөрөө газар худалдан авч нүүлгэн шилжилт хийж, башингаа барихад өнөөх нь хүрэлцэхгүй болох тооцоо гарсан байна. Учир нь 700 ам.метрээс дотогш газартай иргэдийн хувьд дээрх үнэлгээгээр үнэлэхээр 5-6 сая төгрөг нөхөн төлбөрт авна.  Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний нөхөн төлбөрийг авах нь иргэдэд хохиролтой тул саналаа нэгтгэж газрын үнэлгээг өсгөх хүсэлт тавьснаар 1 ам.метрийг нь 100 мянган төгрөгөөр үнэлүүлэхээр харилцан тохиролцжээ. Ингээд иргэд газраа үнэлж авахыг хүлээж суусан ч хотынхон таг болсон. Нийтээрээ газраа чөлөөлөхөөр шийдвэр гаргаагүй нь хотынхны хувьд ч ажлыг эхлүүлэхэд хүндрэлтэй болгосныг албаны хүн тодотгов.

Гэхдээ энэ хэсэгт газрын үнэлгээ тэнгэрт хаджээ. Иргэдийн хувьд хашааны газраа 50-60 сая төгрөгөөр үнэлээд байгаа бол аж ахуйн нэгжүүдийн хувьд 6 тэрбум төгрөг шаардаж буй нь бас үнэн аж. Уг нь бол нэг их хүний нүд унаад байх газар биш боловч нэгдүгээрт Дулааны станц баригдах онцгой бүс болж хувирсан,  хоёрдугаарт иргэн, аж ахуйн нэгжийн амьжиргааны эх үүсвэр болсон газар гэдэг утгаараа ийн үнэлгээ өсчээ. Үгүй тэгээд иргэдийн хувьд газраа чөлөөллөө гэхэд хаашаа ч очиж амьдрах билээ, ядаж л хоёр өрөө хуучин байрны үнэтэй салъя гэж бодож байгааг буруутгах аргагүй. Ёстой нэг "ацан шалаа" гэгч л болоод байна. 

Одоо яах вэ?


Газар чөлөөлөх асуудалд талууд тохиролцоонд хүрэхгүйгээр "Амгалан" дулааны станц баригдах боломжгүй. Тиймээс эхний ээлжинд эдгээр өрх, аж ахуйн нэгжид одоо байгаа газраас нь дутахгүй газрыг санал болгоод, нөхөн төлбөрийг нь өгвөл ойлголцолд хүрэх гарц харагдана. Гол нь газрын үнэлгээ зах зээлийн бодит үнийг барих ёстой. Түүнээс нэг нь эрэлт байгааг далимдуулж газраа хэт өндрөөр үнэлдэг, нөгөө нь эрх мэдлээр далайлган бусдын хөрөнгийг хэт бага үнээр авахыг санаархдаг байж болохгүй. Хэн хэн нь бие биедээ хүндэтгэлтэй хандаж, хөгжлийнхөө төлөө урагшаа харах ёстой. Үүний тулд иргэн ч тэр, аж ахуйн нэгж ч тэр үүрэг хүлээж нийтийн эрх ашгийн төлөө чөдөр болж суух ёсгүй. Хэр хурдан газраа чөлөөлж өгнө тэр хэрээр ажил хүлээгдэж цаг алдалгүйгээр урагшлах ёстой. Үүний тулд Эрчим хүчний яам болон хотын захиргаа "Амгалан" дулааны станц барих ажилд далайцтай орохгүй бол намар болж өвөл ирэхэд бас л газар чөлөөлөлтийн тухай дуусдаггүй үлгэртэйгээ сууж байвал дараа жилийн хавар бас л газар чөлөөлөлтийн тухай явган хэрүүлтэйгээ сууж байна гэсэн үг.

Энэ нь Засгийн газар, хот хоёр одоо л хөдлөх ёстойг сануулсан хэрэг. Хурдтай ажиллахгүй бол яг МАН-ынхан Засаг барьж байсан үеийнх шиг наазгай байдалд шилжих нь. Тус хүчнийг Засгийн эрх барьж байх үед Тавдугаар цахилгаан станцын тухай асуудал яригдсан ч шав нь тавигдалгүй явсаар долоон жилийг ардаа хийсэн. Одоо уг станцыг барих ажлыг ч шуурхайлах болж... Анхны хувилбараар бол Дулааны V цахилгаан станцыг тусад нь барихаар төлөвлөсөн ч газар олдохгүй явсаар  Дулааны III цахилгаан станцыг V болгож шинэчлэн барихаар өмнөх Засгийн газрын үед шийдвэр гаргаж байв. Гэсэн ч бүтэлтэй зүйл болоогүй. Харин хамгийн сүүлд энэ өвөл Н.Алтанхуягийн танхимаас Хөлийн голд тус станцыг барихаар шийдвэр гарсан ч Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гарахыг хүлээж суугаа сураг сонстов. Хэдий болтол хүлээж цаг алдах гэж... Хаа, хаанаа асуудлыг хурдтай шийдээд ажиллахгүй бол улс орны хөгжил, бүтээн байгуулалт шинэ дулааны цахилгааны эх үүсвэр шаардаж боллоо. Мөдхөн нийслэлийн гэр хорооллыг хаус хороолол болгох, улсын хэмжээнд 100 мянган айлын орон сууц барьж ашиглалтад орох, Сайншандын аж үйлдвэр баригдах, ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрүүд ашиглалтад ороход, шинэ төмөр зам, шинэ шинэ үйлдвэр, сургууль цэцэрлэг, эмнэлэг баригдаж ашиглалтад ороход эрчим хүч, дулааны станц шаардах болно. Монгол Улс олуулаа болж 3 сая хүрэхэд ч энэхүү Иличийн гэрэл хэрэгтэй. Газраа чөлөөлье, нийслэлчүүд ээ. 

Г.ДАРЬ

0 comments:

Post a Comment