Monday, July 8, 2013

Наадам төрийн бодлогын гадна үлддэггүй

Монгол түмний үндэсний их баяр наадам айсуй. Төрт ёсны уламжлалт баяр, наадмыг хэлбэр хийц болоод өнгө төрхийн хувьд шинэчлэх ёстой гэсэн байр суурьтай хүмүүс байхад одоогийнхоос өөрчлөх нь утгагүй хэрэг хэмээн үзэх нь ч бий. Тиймээс энэ удаагийн "Миний бодол" буландаа үндэсний их баяр, наадам, цэнгэлийн талаарх хүмүүсийн бодлыг хүргэж байна.

Наадамд шинэчлэх зүйл бий

Эмч Б.Болдсайхан:


-XXI зуун лав­хан гарчихаад бай­хад эртний баатар эрсийн цэнгэл хэвээр байгаа ийм баяр өөр үндэстэн улсад бараг үгүй биз. Ижилсгэвэл дундад зууны япон самурайн тулаан, Европын рыцаруудын ирүүл тэмцээн, хэт­рүүл­бэл эртний Ромын гладиаторуудын үхлийн үзүүлбэртэй дүйцнэ л дээ. Мянга мянган жилийн түүхтэй энэхүү наадам бөхийн барилдаан, сур харваа, хурдан морьдын уралдаанаас өөр байх юм гэж төсөөлшгүй. Утга агуулгын хувьд уламжлалаа хадгалах нь зөв. Гагцхүү энэ сайхан уламжлалт баяр наадмыг олон нийтэд таниулан сурталчилж байгаа хуучин арга барил, техник хэрэгслийг орчин үеийн технологид шилжүүлэх цаг аль хэдийнэ болсон. Хагас нүүдэлчин сэтгэхүйтэй бидний үеийнхэн бол наадмыг ойлгоод байгаа. Гэтэл интернет, iphone, ipad, formula 1, рок, кола, мессеж, жийнсний үеийнхэн бол хүчээр наадаж байна шүү дээ. Тэд интернетээс бөх, морьдын тухай дэлгэрэнгүй танилцуулга үзэж болохгүй байгаагийн шалтгаан болоод яагаад нэг ч телевиз морины уралдааныг гараанаас нь бариа хүртэл ойлгомжтой үзүүлэхгүй байгааг, яагаад унаач хүүхдээс ямар тактикаар уралдсаныг нь сурвалжлахгүй байгааг, сурын харваа нь хэдэн метрээс хэдэн сум яаж тавиад байндаа хэрхэн бууж байгааг өөр өөр камерийн өнцгөөс давталттайгаар харуулахгүй байгааг, морь барианы газар яагаад үзэгчид суух суудал байхгүй байгааг ойлгохгүй байна. Магадгүй жил жилийн наадамд цугладаг мянга мянган жуулчид ч ийн асуудаг байх. Тиймээс адаглаад л барилдаж буй 512 бөхийн хэн нь хэдэн настай, хэдэн кг жинтэй, чансаа чадвар нь хэр вэ гэдгийг нарийвчлан танилцуулдаг болмоор. Морьдын уралдааны хувьд одоогийнхоос ялимгүй өөрчилж, гараа, бариаг нэг болгон тойрог хэлбэрээр уралдуулахын дээр уралдааныг гараанаас бариа хүртэл нь үзэгчдэд том дэлгэцээр харуулдаг болгох гээд шинэчлэх зүйл их бий.


Наадам олигархиудын зугаа цэнгэл болсон

"Монгол үндэстний хүсэлд нэгдэх хөдөлгөөн"-ий тэргүүн, Онлайн парламентын төлөөлөгч Б.Буджаргал:


-Монгол наадмыг брэнд болгоно гэж дарга сайд нар ярих болжээ. Наадамд  брэнд гэдэг үг хэрэглэх нь зохимжгүй. Брэнд гэдэг мөнгөөр биш харин шинэ шинэ санаагаар, хичээнгүй хөдөлмөрөөр бий болдог зүйл шүү дээ. Заавал наадмыг брэнд болгоно гэж ярьснаас харин наадмаа жуулчдыг татах нэг хэрэгсэл болгох гэвэл илүү ойлгомжтой байх. Гоё гоё үг хэрэглээд тэр үгэндээ өөрсдөө төөрөөд бас бусдыг төөрөгдөлд оруулаад байж болохгүй. Хамгийн түрүүнд нялх балчир хүүхдээр хурдан морь унуулахаа болих хэрэгтэй. Ер нь наадам бол нэг талаас олигархиудын зугаа цэнгэл болсон гэж хэлж болохоор болчихож. Тэдний морь уралдаж, тэдний компанийн бөх барилддаг. Үүнийг тэгээд ард түмний баяр наадам гэж нэрлэх үү. Үүнийг тэгээд жуулчид үзэх үү.

www.zindaa.mn 2013.06.06


Эрийн гурван наадам төрийн бодлогын гадна үлдэж байсан түүх үгүй

МҮБХ-ны дэд тэргүүн, физик, математикийн ухааны доктор /Ph/,
СГЗ Д.Данзан:


-ЮНЕСКО-гийн дэргэдэх  Дэлхийн соёлын өвийг хамгаалах байгууллагаас эрийн гурван наадмыг Монгол Улс төлөөлнө гэдгийг гурван жилийн өмнө баталгаажуулсан. Эрийн гурван наадам буюу морь, бөх, сур гурав бол Монголын нүүдэлчин амьдралын язгуур хэвшлээс урган гарсан байдаг. Өвөрмонгол, Буриад, халимаг, Тувачууд бөх барилдаж, морь уралдуулж, сур харвадаг. Гэхдээ энэ гурвыг нэгтгэн эрийн гурван наадам болгоод, төрт ёсны наадмын хэмжээнд тэмдэглэж байгаа улс Монголоос өөр хаана ч алга. Монгол төрийн үүслийн тулгын гурван чулуу нь морь, бөх, сур гурав юм. Олон овог аймгууд нэгдсэн төргүй байсан. Тэр үед дайнд хэн ялсан нь бусдыгаа нэгтгэж, төр улсаа захирч ирсэн. Дайнд хэн ялахын үндэс нь цэрэг, морь, харваач гурав байсан. Тийм учраас Монгол төр наадам хийхээрээ бөх барилдуулж, морь уралдуулж, сур харвадаг. Монгол төр оршин тогтнож л байвал эрийн гурван наадам төрийн бодлогын гадна үлдэж байсан түүх үгүй.

www.shuud.mn

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №019

0 comments:

Post a Comment