Friday, July 19, 2013

Цэвэрлэх байгууламжын ажил эхэлжээ


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл "Шинэ цэвэрлэх байгууламж барих тухай" А/662 тоот захирамж гаргалаа. "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага"-д шинэ цэвэрлэх байгууламж барих төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Тиймээс төслийн бэлтгэл ажлыг зохион байгуулж, энэ ондоо багтаан дуусгахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгажээ.

Харин Шинэ цэвэрлэх байгууламж барихад шаардагдах хөрөнгийн үүсвэрийг судлан шийдвэрлүүлэхийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгасан байна. Одоогийн цэвэрлэх байгууламжийг цаашид энэ хэвээр нь ашиглах боломжгүй, урсгал засвар хийж хугацаа, хөрөнгө алдсанаас шинэ цэвэрлэх байгууламж нэн даруй барих шаардлагатай байгааг холбогдох албаныхан мэдээлж байсан. "Туул, Тэрэлжийн бэлчир"-т өнгөрсөн сард хуралдсан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар энэ асуудлыг шийдвэрлэж, шинэ цэвэрлэх байгууламж барих ажлыг дэмжсэн юм. Харин өнөөдөр нийслэлийн Засаг дарга захирамж гаргаснаар Шинэ цэвэрлэх байгууламжтай болох ажил албан ёсоор эхэлж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 comments:

Post a Comment