Monday, July 22, 2013

Хадганд боомилуулсан моддыг цэвэрлэнэ

Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид "Амьд байгалиа хайрлая" сайн санааны аян эхлүүлэх санаачлага гаргасныг "Гэрэлт цалиг" ТББ-ынхан дэмжиж ажиллахаар болсон талаар сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мухар сүсэг, ухвар мөчид үйлдлийн улмаас иргэд модонд хадаг уях болж, тэрхүү үйлдэл нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх болсон байна. Модыг хадгаар боосноор насыг нь богиносгодог аж. Шилмүүс мод 120-140 жилийн настай байдаг. Харин хадгаар боох болсноор үхмэл болдог байна.

Модыг хадгаар боох үзэгдэл газар авсан нь нэг талдаа лам нарын үйлдэлтэй ч холбоотой аж. Иргэд зам мөрөө засуулахаар ламд ханддаг. Харин лам хуврагууд газар зааж, шашны зан үйл хийхийг зөвлөдөг. Хадаггүй зан үйл ч бараг үгүй болсон. Гэхдээ энэ нь эргээд бусдын зам мөрийг тэгшлэх нэрээр байгалийн нэгэн амьд биетийг үхүүлэх үйлдэл болж хувирч байгаа тул цаашид энэ байдалдаа анхаарах шаардлага байгааг хэвлэлийн бага хуралд оролцогчид хэллээ.

"Амьд байгалиа хайрлая" сарын аяны хүрээнд хадганд боомилуулсан моддыг цэвэрлэх ажлыг зохион байгуулахын зэрэгцээ хадагны буруу хэрэглээний талаар иргэдэд таниулах ажлыг мөн давхар хийх аж.

Г.ДАРЬ

0 comments:

Post a Comment