Tuesday, July 16, 2013

Нийтлэлийн уралдааны шилдгүүд тодорлоо


Хөдөлмөрийн яамнаас бүтээмжийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх сарын ажлын хүрээнд "Маргаашаа өнөөдрөөс илүү сайн, сайхан болгоё" уриан дор нийтлэлийн уралдааныг зарласан билээ. Сарын хугацаатай үргэлжилсэн энэхүү уралдаанд төв, хөдөө орон нутгаас нийт 19 бүтээл ирүүлснийг нийгмийн түншлэгч гурван талын бүрэлдэхүүнтэй үнэлгээний ажлын хэсэг байгуулагдан дүгнэсэн байна .

Үнэлгээний ажлын хэсэг өнгөрсөн даваа гаригт хуралдаж нийлбэр оноогоор нь байр эзлүүлэн, эхний дөрвөн байрыг шалгаруулжээ. Үүнд "Бүтээмж-эдийн засгийн хөгжлийн түлхүүр" нийтлэлээр; "ЖСК" ХХК-ийн нягтлан бодогч, эдийн засагч О.Гантулга тэргүүлж, МҮЭХ-ны Хөдөлмөр сонины эрхлэгч Б.Бүрэнжаргал "Чи ОК, би ОК, бүтээмж ОК" нийтлэлээр, bataar.mn вебсайтын эрхлэгч Г.Мөнхнасан "Бүтээлч байвал бүхнийг дийлнэ" нийтлэлээр удаалсан бол Орхон Их сургуулийн багш Б.Мөнгөнхөлөг "Алдар нэрээс илүү бүтээмжтэй ажил, бүтэлтэй амьдралын үнэ цэнэ чухал" нийтлэлээр дөрвөлсөн байна.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд бүтээмжийг дээшлүүлсний үр дүн нь ажилтанд цалин хөлс, түүний гэр бүлд хадгаламж хуримтлал, аж ахуйн нэгж байгууллага ашиг орлого, хөрөнгө оруулалт болон хүрч, цаашлаад улс орны хөгжил дэвшилд үзүүлэх нөлөөлөл, хүртэх үр шимийн талаар нийтлэгчид олон өнцгөөс харж бичсэнээрээ онцлог болсон байна.

Тухайлбал, бүтээмжийг хувь хүн, өрх гэр, аж ахуйн нэгж байгууллагадаа хэрхэн хэрэгжүүлсэн, цаашид ямар арга хэмжээ авах талаар өөрийн үзэл бодол, санал санаачлагаа илэрхийлж хувийн болон төрийн байгууллагын ажилтан, сэтгүүлч, эдийн засагч, идэвхтэн бичигч, өндөр настан, оюутан залуус, хувиараа хөдөлмөр эрхлэгч гээд нийгмийн бүхий л түвшний хүмүүс оролцсон нь бүтээмжийн мэдлэг ойлголт, ухамсрыг олон нийтэд хүргэх ажлын гараа болсон гэж ажлын хэсэг дүгнэж байна.

Хэдийгээр өнөөдөр бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлт, түүний үр өгөөжийн талаар иргэд, аж ахуйн нэгж байгууллага, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид маань тодорхой сайн ойлголт мэдээлэлгүй байгаа ч түүний ач холбогдлыг сайн түгээн сурталчилбал өрсөлдөх чадварын гол үзүүлэлт болох бүтээмжийг хэрэгжүүлэхэд иргэн бүр оролцох итгэл, зүтгэл болно гэж албаныхан үзэж байна.

Г.ДАРЬ

0 comments:

Post a Comment