Wednesday, July 17, 2013

Баян-Өлгийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ

Баян-Өлгийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян нуурын орчимд зургадугаар сарын 18-наас мал тодорхой бус шалтгаанаар өвчилж эхэлжээ. Энэ дагуу тус аймгийн онцгой комисс томилогдон ажиллаж, өвчний сэжигтэй 13 малнаас цусны ийлдсийн дээжийг Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори авч шалгаад "шүлхий" гэдгийг тогтоосон байна.

Тус аймагт "шүлхий" ийнхүү дэгдсэн тул ЗГХА МЭҮГ-ын дэд дарга, Монгол Улсын малын ерөнхий эмч Т.Баатараар ахлуулсан ажлын хэсэг нь долдугаар сарын 6-наас хойш Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа ажээ. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораториос шүлхий өвчин нь "А" хэвшлээр үүсгэгдсэн болохыг тогтоосон учраас тус аймгийн Засаг даргын захирамжаар аймгийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна.

Шүлхий өвчнийг дарахын тулд улсын нөөцөд байсан ОХУ-д үйлдвэрлэсэн "А", "О" хос цэнэт вакцин 2100 литр, 195,000 ширхэг нэг удаагийн тариур, 130,000 ширхэг зүү зэргийг Баян-Өлгий аймаг руу долдугаар сарын 10-нд ачуулсан талаар Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээллээ.

Шүлхий өвчний тархалтын тухайд, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1, 2, 4, 6 дугаар багийн Хол агаш, Сарыбастау, Хуй үй, Ямаат, Ирмэгт, Үзын аша нэртэй газруудад өвчний  таван голомт, Улаанхус сумын зургадугаар багийн Харнуурт өвчний нэг голомттой байна. Уг голомтонд нийтдээ 567 малчин өрхийн 2,506 хүн, шүлхийд мэдрэмтгий 83,976 мал /тэмээ 253, үхэр 4,542, хонь 43,266, ямаа 32,600/ байна. Баян-Өлгий аймгийн 13 сумын нийт 1,958,707 толгой малыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулсан ажээ.

Өвчтэй 1181 толгой (үхэр 412, хонь 569, ямаа 200) малыг ялган тусгаарлаж одоогийн байдлаар 944 (үхэр 380, хонь 393, ямаа 171) малыг зориудаар устгаад байна. Сагсай сумын голомтод 21 үхэр, Улаанхус сумын голомтод нэг үхэр нийт 22 сэг зэм зохих журам зааврын дагуу устгаж ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тухай албаныхан мэдээллэв. Өвчлөмтгий мал амьтныг вакцинжуулах ажлыг эхлүүлж долдугаар сарын 16-ны байдлаар аймгийн нийт 13 суманд 441,4 мянган мал буюу нийт сүргийн 22,5хувийг вакцинжуулаад байгаа ажээ.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдэд шүлхий өвчин түүнтэй  тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ухуулан сурталчлах аймгийн нутаг дэвсгэр болон хиллэж байгаа аймаг, сумдад мал амьтны хөдөлгөөнд хяналт тавих, хяналтын цэгүүдийг ажиллуулж байна.Түүнчлэн Ховд аймагт Баян-Өлгий аймагтай хиллэж байгаа 5 сум, Увс аймгийн 4 сумын нутагт малын шилжилт хөдөлгөөн, хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахаар болжээ. Цаашдаа Ховд, Увс аймгийн Баян-Өлгий аймагтай хиллэж буй сумдын шүлхийд мэдрэмтгий нийт 1,29 сая малыг 1, 2 дугаар ээлжээр вакцинжуулахад шаардагдах 1,480 литр вакцин, 19,4 мянган ширхэг зүү, тариур, Баян-Өлгий аймгийн 1,95 сая малыг 2 дугаар ээлжинд вакцинжуулахад шаардагдах 2,100 литр вакциныг хүргүүлэх бэлтгэл ажлыг хангаж буй юм байна.

У.БОЛОР

0 comments:

Post a Comment