Wednesday, July 17, 2013

Түлэнхийн төвийн барилгын зураг төслийг боловсруулжээ

Түлэнхийн төвийн барилгын зураг төслийг боловсруулжээ

Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн барилгыг буулгаж, буурин дээр нь шинээр барихаар шийдвэрлэсэн бөгөөд барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгэгчээр "ЭЗТ" ХХК шалгараад байсан юм. Тэгвэл тус компани Түлэнхийн төвийн барилгын зураг төслийг боловсруулж дуусчээ. Одоогийн байдлаар барилгын гадна, дотор орон зайн архитектор төлөвлөлт, өрөө, тасалгааны шийдэл, барилгын үндсэн хийц, бүтэц, дотор цахилгаан, цэвэр, бохир ус, халаалт, салхивч, холбоо харилцаа, галын дохиоллын зургийг барилгын салбарт мөрдөж буй норм, дүрмийн дагуу боловсруулсан ажээ. Мөн бохир ус зайлуулах шугам, гадна цахилгаан, холбоо мэдээллийн зэрэг гадны шугам, сүлжээний зарим зураг төслийг хийж, хуучин барилгыг буулгах ажлын төсвийг тодорхойлсон байна.

Харин Эрүүл мэндийн сайдын тушаалаар барилгын ажил гүйцэтгэгчийг шалгаруулж, ирэх сард багтаан барилгын ажлыг эхлүүлэхээр болжээ.

Сануулахад, Гэмтэл согог судлалын үндэсний төв анх 1960 онд Клиникийн нэгдүгээр эмнэлгийн дэргэд 20 ортой тасагтай байгуулагдсан бөгөөд 1976 оноос бие даасан гэмтлийн эмнэлэг, 1991 оноос Клиникийн эмнэлэг, 2006 оны 11 дүгээр сард Гэмтэл согог судлалын үндэсний төв болон өргөжсөн байна. Тус төвийн салбар болох Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг, хуучнаар Гэмтлийн эмнэлэг буюу Түлэгдлийн клиникийн хуучин хоёр давхар тоосгон барилга нь 1957 онд ашиглалтад орсон бөгөөд 1975 оноос гэмтлийн эмнэлгийн зориулалтаар ашиглаж эхэлсэн гэнэ. 1990 онд Төв эмнэлгийн барилга Баянгол дүүрэгт шинээр баригдаж, ашиглалтанд орсны дараа Түлэгдлийн клиник нь түлэгдэл ба ясны идээт гэмтлийг эмчлэх 150 ортой, 100 гаруй эмч, ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байжээ.

Түлэнхийн төвийн барилга, ашиглалтын төлөв байдалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн удаа дараагийн шалтгалтаар цаашдаа эмнэлгийн байрыг ашиглах боломжгүй, ослын байдалд хүрсэн гэсэн дүгнэлт гарч, актлах тогтоол гаргасан бөгөөд эмнэлгийн барилгыг шинээр барихаар болсон билээ.

У.БОЛОР

0 comments:

Post a Comment