Monday, July 8, 2013

Муу эрчүүд

Хоёр бүсгүйн хооронд өш хонзонгийн гал тавьж, эцэстээ нэг нь нөгөөгөө хөнөөхөд хүргэсэн "хэнгэргийн дохиур" харахад өв тэгш, ажилтай, боловсролтой сайхан залуу. Ажилтай төдийгүй албан тушаалтай эр. Ажлыг орлого дагадаг бол албан тушаалыг авлига дагадаг нь жам болсон цаг үе. Хэтэрхий хувийн, гэр бүлийн асуудал эл гэмт хэргийн шалтгаан мэт өнгөн дээрээ харагдавч үнэн хэрэгтээ хууль бусаар олсон их мөнгөний муу улбаа үүний цаана харагдаж байгаа нь хэнд ч ил.

Тохиолдол ганцаар дууссан бол энд бусдын алдаа, нүгэл, ял гэмийг дурсахгүй өнгөрөх байлаа. Харамсалтай нь энэ хавар, зуны турш нийгмийг цочроосон хэд хэдэн гэмт хэргийн хохирогч нь хөөрхий бүсгүйчүүд байгаад сэтгэл эмзэглэж, асуудал болгон ярихаас өөр аргагүй байна.

Татварын ерөнхий газрын түшмэл муу аргаар олсон мөнгөө нууц амрагийнхаа дансанд хадгалж байсан нь энэ хавар илэрсэн. Эл мөнгийг хэн хэрхэн олсон нь тусдаа асуудал боловч хөөрхий бүсгүй гэмт хэргийн холбоотон болж,  амь, амьдралаараа үгүй юм гэхэд нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохироод үлдлээ. Хүний амьдралд хоёр дахь, гурав дахь амьдрал байхыг бид хөндлөнгөөс ёс зүйн асуудал болгон шүүх эрхгүй байж болно. Харин хууль бусаар олсон мөнгөндөө урьд, хойдох болоод ил далд амьдралаа бүгдийг нь хутгаж, эхнэр бүсгүйчүүд, хөгшин эцэг, хөвгүүдээ хэрэгт холбочихно гэдэг балагтай явдал. Тэднийгээ хайрладаг байв уу, тэрбумаар яригдах хөрөнгөө хайрладаг байв уу?

Эхнэр болон хадмын талынхнаа үр үндсээр нь хөнөөх сэдлээр галдан шатаасан гэмт хэргийн золиос хэн байв. Хүний сайн, мууг танилгүй эрд очсон залуухан бүсгүй эцэст нь ээж, аав, дүү нартаа балаг чирэхээ мэдээгүй биз. Удам судрыг нь харан байж хүүхдээ хүнд өгнө гэдэг хашир зан монголчуудад уг нь байж. Харин одоогийн залуус тэр байтугай зүйлд эцэг, эхээ сонсохоо байж, аливаа асуудлаа бусдын амаар биш өөрийн эрхээр шийднэ гэж даналздаг болсон үе. Гэтэл "Сайныг дагавал сарны гэрэл,  мууг дагавал..." гэдэг үг амьдралаас л урган гарсан философи хойно онох нь их аж.

Улс төрийн хийрхлээр хангалттай шуугисан Ё.Отгонбаярын албан тушаалын хэргийн ард давын өмнө эхнэр нь л хэлмэгдсэн. "Миний хань сайхан торт л хийдэг билээ" гэж твийтерээр жиргэсэн түүний үгэнд олон хүн уярч, унтаж чадахгүй бүлтэгнэж суугаа хүүхдүүдийг нь өрөвдсөн. Биднээс өмнө тэднийг өрөвдөж хайрлаж, хамгаалж түших ёстой хүн нь тэр ЭР байлаа. Ё.Отгонбаяр бол амьдралд алдаж гэнэдэх үедээ яваа арван наймт биш шүү дээ. Агсам тавиад авгайгаа алгадаад авч гэвэл хэн ч уучилдаг юм. Хэд хэдэнтээ давтлаа ч тавьтиргүйг нь жигшээд өнгөрнө. Харин олон саяар яригдах олзны мөнгөний ард эхнэрээрээ дэнчин тавьчихаад байж гэвэл базаахгүй эрийн зан гэхээс өөрөөр хэлэх үггүй. Мөн МИАТ-ийн албан тушаалтнуудын мөнгө угаасан хэрэгт Ч.Хоролсүрэнгийн эхнэр холбогдон хоригдож шалгагдсныг ч энд сануулмаар байна.

Амьдралаа цэгцэлж чадахгүй, албан тушаалаа авлигаас салгаж чадахгүй "муу" эрсийн балгаар хүүхнүүд шаналж, хүүхдүүд өнчирдөг аж. Уг нь атаман маягийн, адал явдал хөөж амьдардаг эрчүүдийг аман ярианд "сайн эр" гэж хэлэх нь бий. Бүүр шилийн сайн эр ч гэж байлаа. "Ах аа, намайг бодоорой" Хонгор хүү л гуйсан болохоос биш араа даах чадвар баргийн аавын хүүд байдаг сан. Харин одоо хараад байхад "араа даадаг" сайн эрс алга болжээ.

З.БОРГИЛМАА

0 comments:

Post a Comment