Tuesday, July 9, 2013

Ж.Эрдэнэбат: Хохирлыг төрөөс шийдвэрлэх байх

Ж.Эрдэнэбат: Хохирлыг төрөөс шийдвэрлэх байх

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд өндгийн чинээ мөндөрийн улмаас 30 гаруй хүн бэртэж, 180 гаруй өрх орон гэргүй болж, төсвийн байгууллага өөрийн байрандаа үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон байна. Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат өнгөрсөн өдрүүдэд гамшиг нүүрлэсэн Түшиг суманд ажиллаад иржээ. Түүнээс нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Түшиг суманд ажиллаад ирсэн гэсэн. Бодит нөхцөл байдал ямархуу байна. Олон айл орон гэргүй болж, төсвийн байгууллагын үйл ажиллагаа цалгардсан тухай нутгийн иргэд мэдээлж байгаа?

- Түшиг нь ОХУ-ын хиллэдэг, баруун талын захын сум. "Гамшиг боллоо" гэсэн мэдээллийн мөрөөр өнгөрсөн амралтын өдрүүдэд очиж ажиллалаа. Бодит байдалд үнэхээр гамшиг нүүрлэчихэж. Далайн эргийн орнуудад цунами гэж болдог шиг тийм гамшиг манай Түшиг суманд болсон байна. Гэмтэл согоггүй, дээвэр нь бүтэн, цонх нь хагараагүй нэг ч байшин барилга тэнд алга. Бүх өрх айлын байшин барилга их, бага хэмжээгээр эвдэрч сүйдсэн байна. Дээвэргүйгээс шалтгаалаад жаахан бороо ороход ус тусч Түшигийн иргэд орон байрандаа амьдрах нөхцөл бололцоо алга. Жаахан боломжтой айл нь дээврээ хийчихсэн байна лээ. Гэхдээ тэнд боломжгүй айл нь илүү олон байна. Дээвэр, цонх шинээр авъя гэхээр мөнгө төгрөг нь байхгүй олон өрх айл байгаа учраас Улсын онцгой комисст дэмжлэг туслалцаа үзүүлээч гэсэн хүсэлтээ өнөөдөр /өчигдөр/ өглөө. Асуудлыг нааштайгаар шийднэ гэдэгт итгэж сууна. Аймаг бол бололцооны хэрээр  ажиллаж байгаа юм билээ. Аймгийн Засаг дарга тэргүүтэй 100 гаруй хүний бүрэлдэхүүн зарим өрхийн хашаа хороог нь засах, дээврийг шинэчлэх ажлыг хийж байна. Гэхдээ ийм их хэмжээний хохирол амссан учраас аймаг дан ганцаараа бэрхшээлийг шийдэхэд хүчин мөхөсдөж байна. Хөрөнгө санхүү нь ч дутаж байна. Тийм учраас улсын онцгой комисст хандаж байгаа юм. Ер нь хохирлыг нь тооцоод гаргахад гурван тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан байна. Үүнд тариа ногооны борлуултын үнэ ороогүй. Аймаг өөрийн бололцооны хэрээр тэрбум төгрөгийг аж ахуйн нэгж байгууллагатайгаа хамтраад гаргаж байгаа ч цаана нь хоёр тэрбум орчим төгрөгийн эх үүсвэр дутагдаж байна. Үүнийг Улсын онцгой комисс шийдэх өгөх учиртай. Ер нь асуудлыг шийдвэр гаргагч нар маань өөр дээрээ тусгаж аваасай. Дээвэргүй, цонхгүй байшинд яаж амьдрах вэ гэж. Манай сэлэнгэчүүдийн амьжиргааны гол хэрэгсэл нь газар тариалан. Гэтэл тарьсан ногоо нь урсаад дуусахаар юугаар амьдралаа залгуулах вэ гэдэг асуудал гарч байна.

-Ахуйн хохирлоос гадна хүний амь эрсдэх нөхцөл үүссэн байсан гэсэн үү?

-Эцсийн дүндээ эд хөрөнгө сүйрч гэмтсэн ч хүний алтан амь үрэгдээгүйд баярлаж сууна. Нөхцөл байдалд бол хүний амь үрэгдэх хэмжээний байсан.Ууланд байгаа ургаа нарс модыг мөчиргүй болгосон, айлын бүргэд хаалгыг алхаар цохисон мэт хэлбэрийг нь алдагдуулсан гэхээр хүний амь насанд хүрэх аюул ойрхон байсан гэдгийг хэлэх байх. Мөндөрийн улмаас 35 хүн бэртэж гэмтсэн байгаа. Тэдний бэртэл амь наснаас нь хол байгаа нь сайшаалтай хэрэг шүү. Одоогоор тэдэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна. Үүнээс гадна аймгийн эмнэлгийн багийнхан бүх өрх айлаар орж эрүүл мэндийн үзлэг хийж байгаа. Учир нь их, бага хэмжээгээр бэртсэн атлаа эмнэлэгт хандаагүй, хожим үр дагавар нь гарах вий гэж болгоомжилж бүх нийтийн үзлэг хийж байгаа нь тэр.

-Төсвийн байгууллагын бүх барилгын дээвэр нь нурсан гэсэн. Одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа юу?

-Эхний ээлжинд эмнэлгийнхээ хэвийн үйл ажиллагаанд илүүтэй анхаарч байна. Байгаа хүч нөөц, бололцоогоо эмнэлэгтээ л хандуулж байна даа. Намайг очиход дээврийг нь бүтэн болгох, хагарсан цонхыг нь битүүлэх гээд бишгүй ажлыг орон нутгийнхан гүйцэтгэж байсан. Одоо бол эмнэлэг нь хэвийн ажиллаж байна. Харин бусад төсвийн байгууллага үйл ажиллагаа явуулахад бэрхшээл тулгарч байгаа. Мэдээж, дээвэр, цонхгүй байшинд яаж ажил хийх билээ. Өөрөөр хэлбэл, төсвийн бүх байгууллага үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй  болсон гэсэн үг. Бизнес эрхлэгч, худалдаа үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийн хувьд худалдаа үйлчилгээ явуулдаг байр байшин нь мөн тийм хохирол амссан. Газар тариалангйин чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн 400 га талбай гамшигт өртсөн, 100 гаруй айлын тарьсан хүнсний ногоо урссан. Түүнээс гадна сумын төвд байсан бүх гэр нурж ойчоод дахин ашиглах боломжгүй болсон, 104 толгой мал хорогдсон гээд хохирлыг тоочвол их байна.

-Байгалийн давтагдашгүй хүчин зүйл юунаас болов. Ер нь Сэлэнгэ аймагт ийм тохиолдол урьд нь гарч байсан билүү?

-Байгалийн гамшигт үзэгдэл буюу үер, зуд бол болж л байлаа. Гэхдээ ийм хэмжээний их аюул учруулж байсангүй. Сэлэнгэ аймаг гэлтгүй манай улсад өндгийн чинээ мөндөр орж байгаагүйг манай ахмадууд хэлэх байх аа. Тэнгэрээс хүчтэй ирэх өндөгний чинээ мөсөнд цохиулсан хэн ч  бэртэж таарна шүү дээ. Ийм гамшиг дахин бүү тохиолдоосой. Эцэст нь хэлэхэд, Түшиг сумын иргэдэд учирсан хохирлыг төр, засгийн удирдлагууд маань шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна.

Ш.ЧИМЭГ






0 comments:

Post a Comment