Monday, July 8, 2013

Хотыг Хархоринд байгуулах ёстой юу?

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Хархоринд Монгол Улсын нийслэлийг шинээр байгуулах нь илүү тохиромжтой гэж үзэж байна. Ийм байр суурь баримтлах болсон нь нэг талдаа Улаанбаатар хотыг шинэ цагийн хот болгон хөгжүүлэхэд газрын асуудал маш ихээр босч ирж буйн зэрэгцээ асар их зардал шаардах болсон. Энэ тохиолдолд шинээр хот байгуулах нь хуучнаасаа зардал бага тусах магадлалтай аж. Нөгөөтэйгүүр, төвлөрлийг сааруулна. Ийм арга хэмжээ авахгүйгээр 1 сая гаруй иргэн Улаанбаатар хотноо "шавалдаж" амьдарснаар улиг болсон агаарын бохирдол, хөрсний бохирдол зэрэг олон жилийн асуудлаа шийдэж чадахгүй, тэр бүрт хөдөөгийн хөгжил орхигдож эзэнгүйдэл бий болно гэж тэрээр үзэж байна. 

Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд хэд, хэдэн дүүрэгт гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, газар чөлөөлөх ажил хийгдэж эхэлсэн. Гэсэн хэдий газар чөлөөлөлтийн асуудал хэн хэндээ төвөгтэй зохицуулахад бэрхшээлтэй байгаа юм. Газар чөлөөлөх бүсэд орсон зарим нэг иргэд, аж ахуйн нэгж өндөр нөхөн төлбөр шаарддаг. Хэлсэн үнээр нь нөхөн төлбөр өгье гэхнээ эргээд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд нөлөөлж бараа бүтээгдэхүүний үнийг давхар хөөрөгдөх сөрөг үр дагавар дагуулах магадлал өндөр буй. Асуудал ийн амаргүй байгаа ч Хүний эрхийн үндэсний комиссын даргын хувьд "Газар чөлөөлөх нөхцөлд иргэн, аж ахуйн нэгжийг хохироож болохгүй, тухайн оршин сууж байсан газраас нь дутахгүй газрыг санал болгож, нөхөн төлбөрийн зэрэгцээ нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг мөн давхар олгох ёстой" гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Г.ДАРЬ

0 comments:

Post a Comment