Sunday, July 14, 2013

Омогшил бадраасан өдрүүд

Үндэсний омогшил, бахархал дүүрэн долоо хоногийг монголчууд үдлээ.

Төрийн минь сүлд өршөө хэмээн төрдөө сүсэглэн залбирдаг монголчууд төрийн тэргүүнээ сэнтийд нь заллаа. Ардчилсан Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу монголчууд төрийн тэргүүн болох хүнээ 1993 оноос хойш зургаа дахь удаагаа ард нийтээр сонгосон нь Ардчилсан намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж байлаа. Монголчууд 2009 онд Цахиагийн Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгосон бөгөөд энэ удаад түүнд дахин итгэл хүлээлгэж, авлига хээл хахуулийн эсрэг эхлүүлсэн тэмцэл, шүүхийн шинэчлэл, нүүдэлчин монгол өв соёлоо дээдлэх чиглэлд хийж буй өргөн цар хүрээтэй ажлуудаа үргэлжлүүлэн, 23 жилийн өмнө монголчуудын сонгосон ардчиллыг бүрэн утгаар нь цогцлоох хүндхэн ачааг үүрүүллээ. Хэдийгээр энэ хүнд ачаа мэт байвч энэ бол бидний гараас алдуураад байсан хариуцлага, шударга ёсыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх ховор боломж юм.

Долдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын төрийн тэргүүн анх удаагаа төв талбайдаа түүнд итгэл хүлээлгэсэн ард иргэдийнхээ өмнө "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг дээдлэн хамгаалж Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангаргаллаа". Энэ ёслол нэгэн омогшил байлаа.



Удаах омогшил нь долдугаар сарын 11-13-ний өдрүүдэд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн Үндэсний их баяр наадам байлаа. Жил жилийн наадам өмнөхөөсөө илүү сайхан болдог ч энэ жилийн Наадам үндэсний өв соёл, зан заншил, бахархал нэвт шингэсэн жинхэнэ Монгол наадам боллоо. Хүчит бөхчүүд нь эр бяраа гайхуулж, мэргэн харваачид нь цэцээ сорьсон, хурдан хүлгүүд нь шандсаа уралдуулсан наадам гэнэтийн бэлгээр дүүрэн байлаа. Төв цэнгэлдэхийн ногоон талбайг эрээлэн чимсэн Монгол газар нутгийн минь хилийн цэс, Монгол төрийн мандал бадарлыг бэлгэддэг "Түмэн эх" дууг 999-үүлээ дуулж, найман настай балчраас наян настай буурал оролцсон 999 биелээч нутаг нутгийнхаа биелгээг бүжин сонирхууллаа. Дуу нь төрсөн цагаас монголчуудын сүлд дуу болоод байсан ч "Толин хул" дуу анх удаагаа төрийн их наадмын ногоон талбайд эгшиглэлээ. "Харанга"-ын хэмээн олноо дуудуулдаг дуучин Х.Лхагвасүрэн хул морины дэлэн дээр хөндлөн сууж наадмын талбайг тойрон дуулсан нь морин эрдэнийг дээдэлдэг монголчуудыг огшоолоо. Наадмын эхний өдөр Сүхбаатарын талбайд болдог "Улаанбаатарын үдэш" цэнгүүн шинэ цагийн технологийн дэвшлийг харуулсан, залуусын сэтгэлд нийцсэн шоу болсоныг дурдахгүй өнгөрч чадахгүй нь. Цэнгүүний оргил үе нь төв талбайн хойморт Төрийн ордны урд энгэрт сэнтийдээ залран суусан их эзэн Чингис хааны хөшөөг суудлаасаа босон өнөө цагийн залууст захиас сургааль айлдаж байгаагаар зохиомжилсон хэсэг байлаа. Залуусын дуртайяа "хэрэн тэнүүчлэх" болсон нийгмийн сүлжээгээр "Их эзэн Чингис бослоо" гэсэн постууд нэлэнхүйдээ хөвөрсөн.

Хоёр өдөр эр бяраа үзэн өрсөлдсөн 512 бөхөөс шинэ аварга, заан төрж, наадмын бөхийн дэвжээг үзүүштэй сайхан болголоо. 73 жилийн дараа Сэлэнгэ нутгаас Г.Эрхэмбаяр хэмээх сайхан аварга төрлөө.  

Дараа жилийн наадам хүртэл ярих сонин ихтэй сайхан наадамлалаа, монголчууд бид.

Д.НАРАНТУЯА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №020





0 comments:

Post a Comment