Monday, July 15, 2013

Эрүүл мэндийн сайд мэргэжилтнүүдэд үүрэг өглөө

Эрүүл мэндийн сайд мэргэжилтнүүдэд үүрэг өглөө



Эрүүл мэндийн сайд гурван асуудлын дагуу мэргэжилтнүүдэд үүрэг өглөө

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хурлаар Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилгын ажлын явцыг түргэсгэх, Боловсон хүчний чадавхийг сайжруулах, Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааг орон нутгийн түвшинд эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлцэн, зохих шийдвэрүүдийг гаргалаа.

Барилгын ажлын явцыг түргэсгэх арга хэмжээ авахыг Сайд үүрэг болгов


Эрүүл мэндийн сайд Н.Удвал тус яамны харьяа 12 эрүүл мэндийн байгууллагуудын их засвар болон барилгын ажлын явцын мэдээлэлтэй танилцав. Нийслэлд эмнэлгийн зориулалт бүхий долоон барилга баригдаж байгаа боловч ажлын ахиц төдийлөн сайн биш байгааг Эрүүл мэндийн сайд онцлоод шаардлага хангахгүй гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж ажлыг шуурхайвчлахыг үүрэг болгов. Мөн бүх аймгийн эрүүл мэндийн газрын удирдлагуудад удаашралтай байгаа барилгын ажлуудыг гэрээнд заагдсан хугацаанд нь дуусгах чиглэл бүхий албан бичиг хүргүүлэхийг даалгасан байна.


Эрүүл мэндийн байгууллагын боловсон хүчнийг эрчимтэй, тасралтгүйгээр сургах талаар ярилцлаа


Үүний дараагаар эмнэлгийн мэргэжилтнүүдийг гадаадад мэргэжил дээшлүүлэх урт, богино хугацааны сургалтад хамруулах асуудлыг хэлэлцэв. Энэ онд хөдөө, орон нутагт ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын боловсон хүчнийг сургах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна. Энэхүү  ажлын хүрээнд гадаадад  дотор, хүүхэд, эх барих, эмэгтэйчүүд, мэс заслын чиглэлээр богино хугацааны сургалтад хамруулахаар болжээ.  Тухайн орон нутаг дахь эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээний доголдолтой байгааг харгалзан тэр чиглэлд үндэслэн сургалтын хэрэгцээг тодорхойлж, сургалтад хамруулах нь зүйтэй. Түүнчлэн сургагч багшийг үндэсний болон аймгийн түвшинд бэлтгэж, шаардлагатай сургалтыг орон нутагт явуулах нь үр ашигтай болохыг ч Эрүүл мэндийн сайд онцлов.

Дээрх сургалттай холбоотой төлөвлөгөөг эргэн харж долдугаар сарын 20-ны өдрийн дотор эцэслэн боловсруулахыг Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэгт үүрэг болгов. Манай улсад багагүй шүүмжлэл дагуулдаг яаралтай түргэн тусламж, сэхээн амьдруулах тасагт ажилладаг багийг өндөр хөгжилтэй орны тухайлбал, Япон, Солонгосын эмнэлгүүдэд мэргэжил дээшлүүлэх сургалтад сургах асуудлыг ч хөндлөө. Үүний зэрэгцээ эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын менежментийг сайжруулах үүднээс эмнэлгийн удирдлага, менежерүүдийг богино хугацааны сургалтад хамруулахаар төлөвлөсөн байна.

Орон нутагт давамгайлж буй өвчлөлийг бууруулах цогц арга хэмжээг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх нь зүйтэй


Эрүүл мэндийг дэмжих санд төсөвлөгдсөн мөнгийг орон нутагт шилжүүлэхдээ юун тэргүүнд үр ашигтай болгох үүднээс хуваарилагдсан төсвийг аймагт бус сумдад шилжүүлэх нь оновчтой гэдгийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал онцлов. Тэрээр хэлэхдээ, "Аймаг бүрт зонхилох өвчлөл өөр өөр байна. Тухайлбал, Өвөрхангай аймаг хүүхдийн эндэгдэл, өвчлөл ихтэй бол Архангай аймагт халдварт бус өвчин түгээмэл байна. Тиймээс Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулахдаа тухайн аймагт давамгайлж буй өвчлөлийг бууруулахад зориулах нь зүйтэй" гэлээ.

Тэгэхээр Эрүүл мэндийг дэмжих сангаас орон нутагт хуваарилагдсан багахан мөнгийг  сумдад хуваарилах нь оновчтой гэж үзэв.  Уг мөнгийг тухайн аймгийн хэмжээнд нэг том чиглэлийн хүрээнд зарцуулахаар болж байна. Энэ нь нөгөө талаараа Шинэчлэлийн Засгийн газраас баримталж буй орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлнэ гэсэн зорилтыг биелүүлж байгаагийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарт ахиц гарна хэмээн салбарын удирдлагууд үзэж байна.

Эх сурвалж: www.moh.mn

0 comments:

Post a Comment