Sunday, July 14, 2013

Хуулчдын нэгдсэн бүртгэл өнөөдөр дуусна

Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх бүртгэлийн хугацаа өнөөдрөөр дуусах тул хуульчийн гэрчилгээ эзэмшигч нь бүртгүүлж амжаагүй бол яарахыг анхааруулж байна.

Хуульчийн гэрчилгээ эзэмшигч нь хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхдээ өргөдлийн маягтын дагуу гаргасан хүсэлт, хуульчийн гэрчилгээний эх хувь, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт зэрэг бичиг баримтыг бүрдүүлнэ. Нэгдсэн бүртгэлд хамрагдсанаар хуульчдын холбооны гишүүнчлэл, шүүхэд төлөөлөх буюу өмгөөллийн эрх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх нөхөрлөл байгуулах мөн Хуульчдын холбооны анхдугаар чуулганд оролцох эрх нээгдэх аж. Хэрэв хуульд заасан хугацаанд Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаагүй бол хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ нь хүчингүй болох юм байна.

Анхааруулахад, хуульчийн гэрчилгээ эзэмшигч нь нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхдээ өөрийн биеэр ирэх, хэрэв гадаад болон хөдөө орон нутагт байгаа бол шуудангаар, эсвэл өөрийн итгэмжлэгдсэн төлөөгчөөрөө дамжуулан хуульд заасан материалаа бүрдүүлэн бүртгүүлэх боломжтой. Бүртгэл Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 206 тоотод явагдаж байгаа аж. Дэлгэрэнгүй мэдээллийг www.jurist.gov.mn, www.legalinfo.mn буюу Хуульчдын нэгдсэн мэдээллийн сангаас авах боломтойг сануулъя. Мөн 312880 дугаарын утсаар холбогдож болох аж.

Г.ДАРЬ

0 comments:

Post a Comment