Sunday, July 21, 2013

Сүхбаатарын талбайг Чингисийн болгосон нь зөв үү?

Сүхбаатарын талбайг Чингисийн болгосон нь зөв үү?

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан долдугаар сарын 15-нд хуралдаж Сүхбаатарын талбайг Чингисийн хэмээн нэрлэх шийдвэр гаргасан билээ. Эл шийдэрийг МАН-ынхан эсэргүүцэж "Нийслэлийн удирдлагаас гаргасан шийдвэр нь Ардын хувьсгалыг үгүйсгээд зогсохгүй түүхийг баллуурдах гэсэн явуурагүй арга, шийдвэрээ буцаах ёстой" гэх байр суурийг илэрхийлж байгаа. Иргэд энэ асуудалд ямар байр суурь баримталж байгааг бид "Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон нэрлэсэн нь зөв үү" гэсэн асуултын хүрээнд тодрууллаа.

Чингисийн талбайг өөр газарт байгуулж болно

Дорнод аймгийн иргэн Г.Тунгалаг

-Нийслэлийн удирдлагуудын зүгээс гаргасан шийдвэрт сэтгэл дундуур байгаа. Аав, ээжийн минь үеэс төв талбайг Сүхбаатарын талбай хэмээн нэрлэсэн. Хуучин нэрээр нь үлдээхэд болохгүй зүйлгүй. Хийх ажилгүй юм шиг хөшөө дурсгалын нэртэй ноцолдож суугааг гайхаж байна. Тэгээд ч  Сүхбаатарын хөшөөг энэ газарт зүгээр ч нэг байгуулчихаагүй түүхэн үйл явдалтай холбогддог. Тиймээс хүндэтгэлтэй хандах ёстой гэж бодож байна. Мэдээж Чингис хаанаараа монгол түмэн бахархах ёстой. Тэглээ гээд нэг түүхт хүнээ нөгөө түүхт хүнээр нь үгүйсгэж болохгүй. Түүх бол түүхээрээ үлдэх ёстой. Үнэхээр Чингис хааны талбайтай болъё гэвэл өөр газар байгуулж болно шүү дээ. Чингис хааны үеийг харуулсан талбайтай болбол монголчууд илүү таатай хүлээж авах болов уу. Түүнээс нэгийг хийх гэж нөгөөг үгүйсгэдэг байж таарахгүй.

Чингисийн талбай гэж нэрлэсэн нь зөв

Баянзүрх дүүргийн иргэн Э.Дэмбэрэлсан

-Сүхбаатарын талбайг Чингис хааны талбай хэмээн нэрлэх шийдвэр гаргасныг хувьдаа би "Зөв" гэж бодож байгаа. Гадаад ертөнцөд Монгол гэж ярихад шууд Чингисийн монгол гэж ойлгож хүлээж авдаг. Түүхээ бодсон ч Чингис хааныхаа нэрээр улсынхаа төв талбайг нэрлэх нь зөв алхам болсон гэж бодож байна. Монголын түүх 1921 оны Ардын хувьсгалаар эхэлдэггүй, тийм учраас түүхээ урагшлуулж Чингис нэрээр төв талбайгаа нэрлэсэн нь хамгийн зөв шийдвэр. Нийслэлийн иргэд маань дэмжинэ гэж бодож байна. Мөн иргэд "Өвөрхангайн Хархорин сумыг Чингис гэж нэрлэвэл яасан юм бэ" гэж санал гаргаж байна. Тэр ч бас зөв санаа болов уу.

Сүхбаатарын хөшөөг нүүлгэж болохгүй

Баянзүрх дүүргийн иргэн Б.Баттулга

-НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр Сүхбаатарын талбайг Чингис хааны талбай болгож нэрлэснийг зөв шийдвэр гэж хүлээж авч байгаа. Гадаадын жуулчдад нийслэлээ танилцуулахад Чингис хааны нэрээр нэрлэсэн талбайтай байх нь зөв болов уу. Гэхдээ сүүлийн үед Сүхбаатарын хөшөөг нүүлгэж магадгүй тухай яриа сонсогдох болж. Хэрвээ Сүхбаатарын хөшөөг төв талбайгаас нүүлгэх санаа агуулж байгаа бол маш буруу. Чингис хааныхаа хөшөөний өмнө Сүхбаатарын талбай зэрэгцээд байрлаж байхад юу нь болохгүй гэж. Хов зөөж, хоол нэхээгүй л байх. Юм байгаагаараа байх нь сайхан.

Саяхан манай Хэнтий аймгийн 90 жилийн ой болсон, Монгол хатдын өргөө нэртэй том цогцолбор байгуулсан байна лээ. Их сайхан цогцолбор болсон харагдсан. Түүхээ хөөвөл Эзэн Чингис хаан Хэнтий аймгийн Дэлүүн болдогт мэндэлсэн. Тийм болохоор Чингисээр овоглсон нэг аймагтай болоход буруудах зүйлгүй. Гэсэн ч улсын нийслэлийн төв талбай нь Чингис хаанаараа нэрлэгдэх нь зөв юм. Түүхийг түүхээр нь хадгалж үлдэхийн тулд их жанжны хөшөөг нүүлгэж болохгүй гэдгийг хотын удирдлагуудаас хүсэх байна.

Сүхбаатарын хөшөөг нүүлгэж болохгүй

Баянгол дүүргийн иргэн Ч.Батжаргал

-Их жанжин Д.Сүхбаатарын нэрээр нэрлэж жаншсан төв талбайн нэрийг өөрчилснийг дэмжихгүй байгаа. Түүхийг нь ярих юм бол Д.Сүхбаатар хүрээг чөлөөлөөд энэ газар ирэхэд унаж явсан морь нь шээсэн байдаг. Хамт явсан нөхөр нь уг газарт гадас зоож орхиод хожим нь Д.Сүхбаатарын хөшөөг босгосон. Хотынхон хэтэрхий туйлширч байна. Энэ хүний байгуулсан гавьяа бий юм шүү. Гаргаж байгаа авираар нь бол танктай хөшөөг Зайсанд аваачиж тавьсан шиг Сүхбаатарын хөшөөг удахгүй өөр газар луу нүүлгэх юм байна л даа. Ингэж болохгүй шүү дээ. Хөшөө байснаараа байж л байг. Тэртэй тэргүй Чингис хааны хөшөө Төрийн ордны өмнө байж л байна.

Жанжны талбайг Чингисээр нэрлэсэн нь буруу

Сүхбаатар дүүргийн иргэн Г.Бадамсүрэн
 
-Их жанжны талбайг Чингисийн талбай болгон нэрлэсэн нь буруу л гэж бодогдож байгаа. Газар мундсан биш, заавал энэ жижигхэн талбайг Чингис гэж нэрлэхээр яадаг юм. Хэнтий аймагт Чингис хааны талбай байгуулж болно шүү дээ. Бүр шинэ санаа гаргаад их сайхан юм байгуулах ёстой. Үнэхээр Чингис хааны нэрээр нэрлэсэн түүхт талбайтай болъё гэж байгаа юм бол шинээр төрсөн нутагт нь байгуулбал илүү алсыг харсан хэрүүл уруулгүй, маргаан тэмцэлгүй байх болов уу. Энэ талбайг монгол түмэн Сүхбаатарын талбай хэмээн нэрлэдэг. Нэрийг нь өөрчилж Чингисийн болголоо ч ард түмэн Сүхбаатарын талбай л гэж хэлж ярих болно.

Г.ДАРЬ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №021


0 comments:

Post a Comment