Thursday, July 11, 2013

Хүй долоон худагт “Соёлын наадам” үргэжилсээр

Хүй долоон худагт "Соёлын наадам" үргэжилсээр

Хүй долоон худагт наадамчин олныг урлагийн ертөнцөөр аялуулах асарууд үүдээ дэлгэн байна. Тодруулбал, Монголын урлагийн зөвлөл, Соёл урлагийн их сургууль хамтран "Соёлын наадам" фестивалийг өнөөдөр морин барианы урд талбайд зохион байгуулж, Үндэсний их баяр, наадмын бэлгэдэл, онцлогийг харуулах үндэсний урлагийн төрөл зүйлээс наадамчин олны мэлмийг баясгаж байна. Фестиваль маргааш үргэлжлэх бөгөөд уран бичлэгийн, нүүр будалтын, нум сум харвааны өртөө ,эсгий урлал ,ардын аман зохиолын , аварга монгол өртөө ,олон үндэстний өртөө , дурслэх урлагийн үзэсгэлэн ,цамын хувцас ,талбай дээр байршуулсан урлаг , зураачдын урлан , хөх сэрэхүй ,газрын зураг зэрэг 10 гаруй асар урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулж буй.

Өнөөдрийн хувьд соёлын арга хэмжээ 19.00 цаг хүртэл үргэлжлэх бол маргааш 09.00-13.00 цагийн хооронд болох ажээ. Ингээд наадамчин олны анхаарлыг татаж байсан асруудыг товч сонирхуулъя.

СУИС-ийн асар


СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн оюутнууд хэд хэдэн асар байгуулж байгаа бөгөөд нэг асарт нь  сийлбэр, Монгол зураг, арьсан эдлэлүүд гээд нийт 86 бүтээл дэлгэн тавьсан байна. Үндэсний хэв маягийг хадгалсан уг бүтээлүүд нь үнийн хувьд, сийлбэр 20-700 мянган төгрөг, Монгол зураг  10-80 мянган төгрөгийн хооронд байна. Мөн каллиграфийн асар хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байсан юм.

Ардын аман зохиолын өртөө

Энэ асар нь Монгол ардын уламжлалт аман тоглоомыг дэлгэрүүлэн таниулах зорилготой. Тухайлбал, энд дайралцаа үг, жороо үг, зүйр цэцэн үг, оньсого таавар, шагай шидэх, дэмбээ, хуруу олох тоглоомыг СУИС-ийнУртын дулаачийн, ардын богино дууны, драм мюзиклийн ангийн оюутан, залуус тоглон харуулж, наадамчин олныг уриалж байна. Мөн сур элдэх, аргал түүх зэрэг уламжлалыг оюутан залуус сэргээн харуулахаар хичээн байх нь хүмүүсийн талархлыг ихээхэн хүлээж байсан. Асарын ерөнхий зохион байгуулагч СУИС-ийн Тайзны ярианы багш н.Мөнх-Од "Бид Монгол ахуйгаасаа их хөндийрсөн юм байна. Гадны хүмүүсээс ялгагдах зүйл алга болж. Одоогийн 20, 21 -тэй залуус аргал түүхийг мэдэхгүй байна. Энэ бол их сүйрэл л дээ. Дээр үед буруу юм хийсэн хүүхдийг аргал түү гэж шийтгэдэг байсан. Гэтэл одоо энэ тухай юу ч мэдэхгүй болжээ. Аргал түүх гэдэг бол Монголын үндэсний хэв маягийг илтгэхээс хүний биеийн шар ус тараах, булчин шөрмөсний үйл ажиллагаанд сайн. Тиймээс манай асрын хийж байгаа хөгжөөнт тоглоом, арга хэмжээг наадамчин олон маань их сонирхож байна" гэж хэлсэн юм.

Өнөөдрийн хувьд, Хүй долоон худагт гадаадын иргэд багахан харагдаж байсан бол энд үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс монголчууд их соёлтой наадамладаг болсон байна гэж хөөрөлдөж байсан юм. Ийнхүү үндэсний их баяр наадам нар, хур тэгширсэн, өргөн дэлгэр сайхан болж байна.

У.БОЛОР

0 comments:

Post a Comment