Sunday, July 21, 2013

Гадаадад зорчихдоо юуг анхаарах вэ?

Урин дулааны улиралд амралт, чөлөөт цагаараа манайхан гадаадын улс орнуудад зорчих нь ихэсдэг. Ингэхдээ  тухайн улсын хууль тогтоомжийг зөрчих, гэмт хэрэг үйлдэх, зөрчил гаргах явдал өсөн нэмэгддэг ажээ. Тиймээс Гадаад харилцааны яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ.

Монгол Улсын иргэд визгүй зорчдог БНХАУ, Малайз, Сингапур зэрэг Азийн орнуудад монгол иргэд бусдын эд хөрөнгийг хулгайлах, хориглосон эд зүйлс, бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх, хууль бусаар оршин суух буюу оршин суух хугацааг хэтрүүлэх зэрэг зөрчил гэмт хэргийн дийлэнх хувийг эзэлж байна.

Сүүлийн үед биедээ болон ачаа тээшиндээ хар тамхи, мансууруулах бодис нууцаар авч явж улсын хил нэвтрүүлэхийг завдах гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байна. Иймд гадаад орнуудад зорчих иргэд анхаарал болгоомжтой байх, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хэн нэгний гуйлт, ятгалгаар бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байх, тухайн орны хууль тогтоомж, дүрэм журмыг сахиж мөрдөхийг сэрэмжлүүлэн анхааруулж байна гэжээ.

Хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын үндэстэн дамнасан хууль бус наймаатай дэлхий нийтээрээ тэмцэж буй өнөө үед энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдэд ялын дээд хэмжээ оноодог ажээ.

Д.ЦЭЭНЭ


0 comments:

Post a Comment