Thursday, July 18, 2013

Үндэсний төв архив амралтын өдөр ажиллана

Үндэсний төв архивынхан энэ сарын 20, 21-ний бямба, ням гаригт ажлын цагийн хуваарийн дагуу ажиллаж иргэдэд үйлчлэхээр болсон тухайгаа өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлгэн мэдэгдлээ. Амралтын өдрүүдэд ажиллах шийдвэр гаргасан нь УИХ-аас өнгөрсөн оны есдүгээр сард Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн үйлчлэлийн хугацаа дуусах дөхөж байгаатай холбоотой аж. Дээрх хууль хэрэгжиж эхэлснээр иргэд, даатгуулагчид 1990-1995 оны хооронд ажиллаагүй хугацаагаа ажилласнаар нөхөн тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлөх таатай нөхцөл бүрдсэн. Гэвч энэхүү хуулийн үйлчлэх хугацаа ирэх наймдугаар сарын 1-нд дуусгавар болно. Энэ хугацаанд амжиж иргэд бичиг баримтаа бүрдүүлж, харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлэхгүй бол хуулийн үр шимийг хүртэх боломжгүй болох юм.

Иргэдийн хувьд дээрх хуульд хамрагдахын тулд бичиг баримтаа бүрдүүлэх явцад нь зарим нэг бэрхшээл тулгарч байгаа юм. Тухайлбал, ажиллаж байсан албан байгууллага, аж ахуйн нэгжээсээ ажиллаж байсан тодорхойлолт авах болоход ажилд орсон тушаал, шийдвэр нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй байхаас эхлээд ажилласан жилийг нь тодорхойлох боломжгүй зэрэг асуудал тулгарч буй аж. Энэ тохиолдолд иргэд дээрх лавлагааг Үндэсний төв архиваас гаргуулан авч байгаа юм байна. Тиймээс Үндэсний төв архивынхан хуулийн хэрэгжих хугацааг дуусах дөхөж байна гэж үзээд амралтын өдрүүдэд ажиллахаар болжээ. 

Үндэсний төв архив нь хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс долдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд 11336 иргэнд үйлчилж 15799 тушаалын лавлагаа, 942 цалингийн лавлагааг тус бүр гаргаж өгчээ.

Хэвлэлийн бага хуралд оролцсон Үндэсний төв архивын лавлагаа мэдээллийн төвийн эрхлэгч Х.Дэлгэрмаагийн тайлбарласнаар дээрх лавлагааг иргэдэд гаргаж өгөхийн тулд 15-30 архивч ажиллах болсон аж. Ажлын ачаалал нэлээд өндөр болсон. Үндэсний төв архивт 343 байгууллагын баримт хадгалагддаг. Тэр бүгдийг мэдээллийн самбарт байршуулсан байдаг. Зарим тохиолдолд архивын баримт нь шилжиж ирээгүй байгууллагаас лавлагаа авах шаардлага үүсч байгаа. Энэ тохиолдолд архивчид тухайн иргэнд холбогдох тодорхойлолтыг гарган үйлчилгээ үзүүлж буй гэнэ.

Үндэсний төв архиваас лавлагаа авах бол иргэн та дараах зүйлийг анхаарна уу.

Үүнд:

1.Тухайн хүн лавлагаа авах хүсэлт гаргахдаа хэдэн оны, хэдэн сард, аль байгууллагын ямар хэлтэс, нэгжид ямар албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөнөө тодорхой бичих.

2.Цалингийн баримтаас лавлагаа гаргуулахдаа танай дүүргийн нийгмийн даатгалын байцаагчийн зөвлөсний дагуу сонгосон 5 жилийн баримтаас лавлагаа гаргуулах бөгөөд тэр нь тодорхой байх шаардлагатай.

3.Тухайн иргэний хүсэлтэд дурдсан байгууллагын баримт төрийн архивт шилжиж ирээгүй буюу, ирсэн ч баримт дутуу, өөрт нь хамааралтай баримт байхгүй тохиолдол гардагийг ойлгон архивчдад хүндрэл учруулахгүй байх ёстойг мөн санууллаа.

Г.ДАРЬ

0 comments:

Post a Comment