Saturday, July 6, 2013

Түшиг суманд өндгөн чинээ мөндөр оржээ

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд өнгөрсөн пүрэв гаригийн орой 18:00 цагийн орчим хүчтэй салхилж, түр зуурын аадар бороо орох үеэр том хэмжээтэй мөндөр буужээ. Байгалийн онц аюултай энэхүү үзэгдэл богино хугацаанд болсон хэдий ч мөндөрийн хэмжээ тахианы өндөгний хэмжээтэй байсан тул Түшиг сумын Засаг даргын тамгын газар, сургууль, эмнэлэг, Соёлын төв, айлуудын байшингийн дээвэр нурж, олон газрын цонхны шил хагарчээ.

Түшиг сум нь фермерийн аж ахуй, газар тариалан эрхэлдэг бөгөөд уг мөндөрт гахай, тахиа олноороо цохиулж үхсэнэс гадны ургац ихээр гэмтсэн байна. Түүнчлэн байгалийн гамшгийн улмаас өндөр хүчдэл, холбооны шугамууд унаж, сумын хэмжээнд цахилгаангүй болж, утасны сүлжээ тасарсанаас болоод Онцгой байдлын ерөнхий газарт шуурхай мэдээ хүргэж чадаагүй байна. Одоо Түшиг суманд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай арга хэмжээ аван ажиллаж байгаа бол өнөөдрийн байдлаар хохирлын хэмжээ тогтоогдоогүй байгааг албаныхан хэллээ.

Т.ДАРХАН


0 comments:

Post a Comment