Wednesday, July 17, 2013

Коммунизмаас ардчилал долоон дор юм гэж үү?

Английн үндэстэн дамнасан жилийн борлуулалт нь 26 тэрбум ам.долларын борлуулалттай эмийн компани болох GlaxoSmithKline-н Хятад дахь салбарын удирдлагуудыг БНХАУ авлигалын хэргээр шүүж эхэлсэн байна. GlaxoSmithKline компани нь өөрийн эмийн борлуулалтын сүлжээг өргөтгөх, эмийн үнээ өсгөх зорилгоор БНХАУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд, эмийн нийгэмлэг, буяны сан, эмнэлэг, эмч болон аялал зуучлалын компаниудад гурван тэрбум юань буюу 489 сая ам.долларын авлигал өгсөнийг тогтоож Хятад дахь салбар компанийн захирлуудыг нь баривчлан хорьсон байна. Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээнээс үзэхэд захирлуудад цаазаар авах ял тулгах бололтой.

БНХАУ нь энэ төрлийн гэмт хэрэгт өчиггүй цаазын ял өгдөг юм. Авлигал гэгч зүйл нь аливаа улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, ард түмний аж амьдрал цаашлаад улс орны тусгаар тогтнолд ноцтой аюул занал учруулдаг болохоор энэ төрлийн гэмт хэргийн шйитгэл нь хатуухан байдаг билээ. Саяхан Хятад улс төмөр замын яамныхаа сайдыг 10 сая ам.долларын хахууль авсан хэргээр цаазаар авах ял оноосон билээ. Энэ нь ямар ч том албан тушаалтан байлаа ч төрийн төмөр нударга хэр хатуугаа харуулдагын тод жишээ болов уу?

Хүн төрөлхтөний төлөөллийн байгууллага болох Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын гаргасан "Авилгалын Эсрэг Конвенц"-д авилгал гэдэг нь эрүүгийн гэмт хэрэг гэж заасан бөгөөд түүнчлэн нийт хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж тодорхойлсон байдаг. Харин тэгэхэд НҮБ-ын гишүүн орон, ардчилсан гэх томоохон тодотголтой Монгол улс авлигалаараа дэлхийд алдаршиж байгааг олон улсын нэр хүндтэй мэдээллийн хэрэгслээр саяхан мэдээллэсэн. Үүнээс үзвэл Монгол улс нь хүн төрөлхтөний эсрэг эрүүгийн гэмт хэрэг үйлддэг дэлхийн тэргүүний луйварчдаар дүүрсэн орон болохыг баталж байна. Ардчилсан орнуудад ад үзэгдсэн коммунист удирдлагатай Хятад улс, ард түмэн, цаашлаад хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг болох авилгалтай хатуухан тэмцэж байхад хүний эрх, эрх чөлөөг тунхаглах дуртай манай улс авилгалчдынхаа толгойг илээд төрийн суудалд залаад байхыг чухам юу гэж дүгнэх вэ?

Төрдөө авлигачгүй улс орон алсын хараатай, хөгжил дэвшлийн чиг баримжаагаа олчихсон томоор сэтгэж, том амбицлаж байхад авлигачтай улс орон тогоон дотроо сэтгэж, томоор хувааж идэхийг мөрөөдөн суудгийн томоохон жишээ нь Монгол улс минь болчихоод байна. Төрийн тэргүүн нь том амбицлаж хөгжлийн хувьсгал ярьсан энэ цаг үед багтаж шингэхээ байж, хэзээ мөдгүй дэлбэ үсрэх шахсан нийслэлдээ чихцэлдэж, төмөр зам, дулааны цахилгаан станц мэтийг ярьж, гаднаас зээл тусламж, бонд мэтээр хөрөнгө мөнгө босгоно гэж тарчигхан сэтгэх нь хөөрхий авлигачдын зан бизээ. Монгол орон газар нутаггүй болчихоо юу? Томоохон нийслэл, том хотууд, мэдлэг түгээх тэргүүний их сургууль, чадалтай мэдлэгтэй, оюунлаг боловсон хүчин, үндэстнээ хөтлөх чадварлаг удирдагч  чинь хөгжлийн хувьсгал шүү дээ. Тэснэ тэснэ гэхэд үүнээс илүү яаж тэсэхэв. Авилгачид ард түмэн хоёр ялгарч, талдаа гарах цаг хугацаа нэгэнтээ болжээ. Төр төмөр нударгаа харуулж олон намд хуваагдан, хувалз адил зоолж байгаа авилгачдад хариуцлагыг нь хүлээлгэж, шангыг нь хүртээж төрөө цэвэрлэе. Авлигачдын идэж ууж, хураан далдалсан хөрөнгө мөнгийг нь хурааж улс орноо босгое. Авлигачдын нууж далдалсан бүхэн хөгжил дэвшилтэй Монгол орныг босгоход хангалттай гэхэд дэндүү хангалттай хүрэлцэнэ. Бид хаанаас эхлэх ёстой вэ? Адаглаад л эх нутгаас минь олборлож, эх нутгаас нь зүгээр зөөчихөөд төрд нь хүртэл гэрээгээ үзүүлдэггүй Оюутолгойн ашиггүй гэрээнээс эхэлвэл яасан юм бэ? Монголын ард түмэнд ямар ч ашиггүй энэ гэрээний цаана асар том авлигал нуугдаж байгаа. Монголд цэцэглэсэн авлигалын модны үндсээс нь нэг атгаад авахад түүнээс салбарласан мянга мянган салаа авлигачид төрийн атганд ороод ирэх юм биш үү. Үндэснээсээ тасарч ургасан мод гэж байдаггүй билээ. Ардчилсан Монгол орон авлигалыг таслан зогсоож, ардчилал коммунизмаас сайхан гэдгийг Монгол хүн бүрт нотолж чадах болов уу. Ард түмний хараа ямар ч муу муухайг нэвт харах хурц байдаг. Хэлбэрдсэн, хийж эхэлсэн хоёрыг ч ялгаж чадна. Бодитой тэмцэл, бодит үр дүн л Монголын минь маргаашийг шийдэх болно.

А.ГАНБААТАР

0 comments:

Post a Comment