Thursday, July 11, 2013

Их хаан суудлаасаа бослоо

Наадмын цэнгүүн гэж царгисан дуутай ядруухан тайзан дээр ямар нэг зүйл болж, бужигнасан хүмүүс ийш тийш холхилдсоор өнгөрдөг байлаа. Гэтэл өчигдөр үдшийн шоу жинхэнэ утгаараа шоу байлаа. Сүхбаатарын талбай дөхөж ирэхэд халуухан уур амьсгал өөдөөс угтан авав. Хурц гэрэлнүүд шөнийн тэнгэрээр сүлжилдэн гэрэлтэж, талбайг тойрсон өндөр барилгууд дээгүүр өнгө өнгийн тусгал гүйлдэж, дуугаралт сайтай хөгжмийн чанга хэмнэл талбайг дүүргэн цугласан хүн бүрийн сэтгэлийг эзэмджээ.



Өнөө "төрийн" хэмээн нэрлэгдсэн төрийнхөнд л хамааралтай мэт байдаг дүнсгэр ордон өмнө нь ийм дотно харагдаж байгаагүй бөгөөд залуусыг эзэмдсэн лазер шоуны тайз, дэлгэц болжээ. "Ардчилсан орон ийм л байх ёстой" гэмээр мэдрэмж төрнө. Гадаадын төлөөлөгчид, сайд дарга нар л эндээс мэндчилэх ёстой мэт төсөөллийг эвдсэн нь чихэвч зүүж, толгойгоо дохисон залуухан DJ нарын электро, хотын хөгжмийг мэдрүүлэх индэр байв. 

Талбайд тайван хэрнээ догдолсон, инээмсэглэсэн, бахадсан, хөгжмийн хэмнэлийг даган бүжих наадамчдаар дүүрч. Хөгжим чанга байсан тул бяцхан жаалуудаа авчирсан гэр бүлүүд зайдуухан, дунд эргэм насныхан дундуур, харин кайфыг мэдрэх гэсэн залуус урдуур байраа эзэлжээ. Гадаад дотоодын олон залууст шоу таалагдсан нь илт бөгөөд гар утсаараа бичлэг хийцгээн хөгжилдөх аж.

Онцолж хэлэхэд баяр тэмдэглэн өнгөрүүлэхдээ хог тарилгүй тэмдэглэж болдог гэдгийг бүгдээрээ хамтдаа харцгаав. Энэ нь баярыг улам цэмцгэр болгож байсан ба анх удаа гадаадынхан юу гэж бодож байгаа бол гэх ичих сэтгэл огт төрсөнгүй.

Хэмнэл наадамчдын сэтгэлийг эрхгүй хөдөлгөж байсан бөгөөд наадамчдын сэтгэлийн хөөрлийг жинхэнэ дээд цэгт нь аваачсан гэнэтийн бэлгийг онцлохгүй байхын аргагүй байлаа. Төрийн ордны өмнө байрлах Чингис хааны хөшөө зүг дэлгэцийн гэрэл тусчээ. Удалгүй Чингис хааны хөшөөний дүрс давхцан дэлгэцнээ гарах бөгөөд гэнэт хөшөө амь орж ухасхийн босч ирэх нь тэр. Хуран цугласан олонд үнэхээр л Чингис хааны онгод нь буугаад ирсэн, тэр нь наадамчдын өмнө бодитоор босоод ирсэн мэт санагдсан тул их хаандаа мэндчилэх мэт талбай дүүрэн шуугилдан, уулга алдан хөөрцгөөв.  Биений шар үс босмоор энэхүү мэндчилгээг зарим нэг нь нүдэндээ нулимс дүүргэн, омогшиж, уухайлан хүлээж авсан бөгөөд талбайд цуглагсдын сэтгэлийн хөөрлийг дээд цэгт нь аваачив. Ингээд "амилсан хаан" өөрийн амин сургаалиа хэлсэн бөгөөд хүн бүрт таалагдсан гайхалтай үзвэр бэлдсэнд талархсан шуугиан талбайг дүүргэж байв. "Их хаан суудлаасаа бослоо" гэх үгс дуулдана.

Энэ үдшийн өөр нэгэн бэлэг салют байлаа. Өнөө хорин ачааны машин ялгадас ачиж цэвэрлэж, янзалж авсан талбайн урд талын хонхтой цэцэрлэгийг тойрон цагдаагийн хамгаалалт гарчээ. Догдолсон хүмүүсийг улам догдлуулах амархан аж. Цэцэрлэгээс тэнгэрт салют харваж эхлэнтэй зэрэгцэн хөөрөл дахин босч эхлэв. Олон өнгийн гэрэлнүүд ээлж дараалан хөөрч, шөнийн тэнгэрийн нэг шар, нэг улаан болгох аж. Урд талын авто замын хөдөлгөөн ч бараг зогсч. Бүгд салютын шоуг харцгаах бөгөөд урдаа зогссон нэгнээ явуулах гэж сигналдах бухимдах жолооч байсангүй. Салютнууд талбайд цуглагсдын бараг дэргэдээс харваж буй тул цацрах гэрэлнүүд бараг бүгдийг бүрхэх бөгөөд унтралгүйгээр толгой дээр буугаад ирэх вий гэх бодол зүрхний цохилтыг хурдасгана.

Энд цуглагсад харихыг яарахгүй байгаа нь царайнд нь тодрох бөгөөд гайхалтай үдшийн нэгэн хэсэг болж буйдаа яавч харамсаагүй нь илт байлаа. Бараг 12 цаг дөхжээ. Гэвч хотын төв догдолсон хэвээр.

0 comments:

Post a Comment